НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас “Авлигын эсрэг үндэсний чуулган арга хэмжээг өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Ч.Жаргалбаатар: /Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар /

- Авлигийн гэмт хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэл хэтэрхий хөнгөн байна гэдэг шүүмжлэл нийгэмд байдаг. Онол арга зүй талаасаа хөнгөн байгаа нь үнэн. Иргэдийн нийгэмд учруулж байгаа эдийн засгийн гэмт хэргийн хохирол, ААН, албан тушаалтан болон нийтийн албан тушаалтны учруулж байгаа хохирол, нийгмийн хор хөнөөл нь ойролцоо байхад хүлээлгэж байгаа ял нь харилцан адилгүй байна. 

Тухайлбал иргэнд 15-20 жил, ААН-ын албан тушаалтанд иргэнээс 50 хувиар бага буюу 10 хүртэлх жил байгаа бол нийтийн албан тушаалтан авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод дэнслэгдсэн тохиолдолд 5 хүртэлх жилийн ялаар шийтгүүлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа юм. Тиймээс Эрүүгийн хуулийн ял санкцын бодлого, түүнийгээ дагаад хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй эргэж харах шаардлагатай байна. 

- Хариуцлагын асуудал нь оновчтой байж авлигын гэмт хэрэгтэй тэмцэж чадна. Гэтэл манайд нийтийн албан тушаалтан авлигын гэмт хэрэгт холбогдож, хариуцлагаа үүрсэн ч хэсэг хугацааны дараа төрийн бус байгууллага юмуу Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга болчихож байна. Энэ нь хариуцлага оновчтой бус, үр нөлөө муутай байна гэсэн үг. 

- Өнөөдөр Эрүүгийн хариуцлага хүлээгээд маргааш нь төрийн албанд орчихдог боломж байх юм бол тэдгээр хүмүүс ял шийтгэлээс айхгүй, энэ нь байх ёстой үзэгдэл мэтээр хүлээж авч байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, шударга ёсыг алдагдуулж байна.