АН-аас өнөөдөр /2022.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга Ц.Оюундарь Хөгжлийн банкинд хийсэн бүх шалгалтын дүнг ил гаргах шаардлагатай гэв. 

Ц.Оюундарь: 

-  "Хөгжлийн банк"-ны асуудалд АН тодорхой байр суурьтай байгаа. Хөгжлийн банк дээр үүссэн энэ нөхцөл байдал бол Монгол Улсын цаашдын эдийн засаг, нийгмийн хөгжилд эрсдэл учруулах аюултай. Монгол Улсын ирээдүйд хортой нөхцөл үүсэхээр зүйл. Энэ зээлийн эргэн төлөлт, энэ улсыг дампууруулах эрсдэлтэй. Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Хөгжлийн банкны асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс тодорхой хэдэн шийдвэр гарсан. 

- АН-аас Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Монгол Улсын "Хөгжлийн банк"-ыг хэд, хэдэн удаа шалгасан. Гэвч шалгалтын дүнг хаалттай хэлэлцэж, нууцад хамааруулсан. Энэ асуудлыг нам харгалзахгүйгээр ил тод болгож, бүх онд хийсэн шалгалтын материалуудыг нууцаас гаргаж, эрчимтэй хамтарч ажиллах шаардлагатай байна. Гэтэл 2016 оны шалгалтыг л нууцаас гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд бүх онд хийсэн шалгалтын дүнг нууцаас гаргахыг шаардаж байна.