Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 6 дугаар сард Дарханы замын ажилтай танилцах үеэрээ ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хатуу сануулаад  Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дарханы зам болон  Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гацсан шалтгааныг тодруулах чиглэл өгчээ. 

Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоохоор болсон байна. 

Түүнчлэн  Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, Авлигатай тэмцэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох яам, агентлагуудад Ерөнхий сайд үүрэг болгожээ.