Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Х.НЯМБААТАР: 

- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус, харьяаллын бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдүүдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох зорилгоор ажлын хэсгийг байгуулж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ, ЦЕГ, ТЕГ, БСШУЯ, нийслэлийн Боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа.

- Хоёрдугаарт, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар зогсоож, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. 

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд стратегийн салбарын бүтээн байгуулалтуудаа барьж чадаагүй. Тухайлбал Эрдэнэбүрэнгийн УЦС-ийг тухайн сумын ИТХ-ын дарга БНХАУ руу бичиг явуулснаар бичиг явуулж, 2 жил гаран тасалдуулсан байх жишээний. Үүнийг Эрүүгийн хуульд заасан "Хорлон сүйтгэх ажиллагаа" зүйлчлэлээр хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. 

- Гуравдугаарт, сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт ихээр нэмэгдэж байна. Залилан, бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд цахим орчинд их гарч байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орох, биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг ихээр гарч байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, үүний эсрэг хөтөлбөр гаргаж танилцуулах ажлын хэсгийг байгуулсан" гэлээ.