#ШУУД: Т.Доржханд: Ж.Батзанданг хорьж шалгаж байгаа бол хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бусад өндөр албан тушаалтнуудыг мөн баривчлах ёстой!


Т.ДОРЖХАНД:

- Хууль тэгш үйлчлэх ёстой. Хуулийн өмнө бүгд ижил тэгш эрхтэй байх ёстой. Хууль хяналтын байгууллага өмнө нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн байсан эсэхээс үл хамааран ижилхэн хандах ёстой. Ж.Батзандантай холбоотой Хөгжлийн банк болон Капитал банктай  холбоотой гэх асуудлыг сонсож байгаагүй. Хэвлэлээр ч энэ талаар гарч байгаагүй. Гэтэл ердөө 1,2 хоногийн дотор энэ асуудал гарч, туслахаараа дамжуулж зээл авсан, түүнийг хорьж шалгах ёстой гэх байдлаар үйл явдал өрнөөд өнгөрлөө.

- Хөгжлийн банкны 2 их наядын хулгай бий. Үүнд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүд болон зарим өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон. Бүр нэр устай нь зарласан. Гэтэл тэдгээр хүмүүсийг хорьж шалгаагүй мөртлөө гудамжинд байгаа улстөрч хүнийг барьж байгаа юм бэ. 86 хүний асуудал шүүхийн шат руу орсон гэх мэдээлэл бий. Үүнд Ж.Батзандан байна уу үгүй юу. Хөгжлийн банкны асуудалд холбогдсон 86 хүнийхээ мэдээллийг нь ил болгохгүй бол үр дүн гарахгүй нь.

- Хөгжлийн банкны дунд шатны дарга нарыг 2-3 сар хорьж, мэдүүлэг, байцаалт авсан. Гэтэл яагаад эрх мэдэл бүхий дарга нартай тэмцэж чадахгүй  мөртлөө нийгэмд нөлөө байхгүй ажлаа хийж байсан хүмүүсийг хоморголон баривчлах нь хэр шударга вэ, бодох ёстой. 

- Ерөнхийлөгч Х.Баттулга болон МАН-ын УИХ-ын гишүүн, сайд нартай холбоотой асуудлыг байнга тавьдаг. Хөгжлийн банк ирэх оны 10 дугаар сард 500 сая евро-гийн бондын төлөлтөө хийх ёстой. Дээр нь Самурай бондоо төлөх ёстой. Гэтэл одоог хүртэл мөнгөгүй байна.