Цахим орчинд нэгэн залуу хайртай бүсгүйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнай цэцэг захиалан хүргүүлсэн тухай мэдээлэл тархаж, шуугиан тарьсан. Тухайн цэцэг хүргүүлсэн хүнийг Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра гэж зарим сайт мэдээлсэн. Тус мэдээллийг үгүйсгэж А.Амундрагийн өмгөөлөгч О.Санчирбал Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт хандан гомдол гаргажээ.

Гомдолд: 

- "Миний үйлчлүүлэгч энэ мэдээлэлтэй ямар ч хамааралгүй бөгөөд энэ худал мэдээллээс болж түүний гэр бүлд үл ойлголцол үүсэх бодитой нөхцөл бүрдлээ. Өөрөөр хэлбэл түүний эхнэр, гурван хүүхдэд нь муугаар нөлөөлж, сэтгэл санаа эрүүл мэндэд нь хохирол учирч эхлээд байна.  Цаашилбал Ерөнхий сайдын зөвлөх 60 сая төгрөгөөр цэцэг авсан мэтээр ойлгуулж, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед иргэдийн сэтгэл зүйд худал мэдээллээр бухимдал үүсгэж байна. Нөгөөтэйгээр А.Амундра Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаггүй талаар дурдаж байна.


Иймд энэхүү үйл явдлыг шалгах, Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн холбогдогчийг тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье" гэсэн байна.