Манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж байгаа. Тэр тусмаа сүүлийн хоёр сарын хугацаанд биет хэмжээ нь огцом өссөн. Он дуустал энэ эрчээ алдахгүй байвал экспорт 30 сая тонн руу тун ойртохоор харагдаж байна. 11 дүгээр сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ 24 сая тонн болов.
Гэтэл уул уурхайн бүс нутаг Өмнөговь, түүний дотор гол экспортыг хийж байгаа Цогтцэцийд дизель түлш хомсдож, тээврийн компаниуд үүнээс болж тээвэрлэлтээ зогсооход хүрээд байна. Дизель түлш 4300 хүрсэн ч олдохгүй байгаа тухай уурхайчид, нүүрс тээвэрлэгч компаниуд хэлж байна.
Засгийн газрын бодлого хэрэгжиж нүүрсний экспортын гарах урсгал сайжирсан ч дизель түлш шатахуунаас болж, экспорт дээр тооцоолоогүй эрсдэл үүсэх магадлал өндөр байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Өмнөговь аймгийн Цогтцэций дэх уурхайд энэ сарын 11-нд ажилласан. Энэ үеэр мөн л дизель түлшний асуудал хөндөгдсөн.
Засгийн газраас энэ ондоо багтаан 500.0 сая ам.доллар оруулж ирэх үүргийг "Эрдэнэс Тавантолгой"-д өгсөн. Тус компани сардаа 2.5 сая тонн нүүрс борлуулдаг горимд шилжүүлж, богино хугацаанд жигдрүүлэхээр болсон. Гашуунсухайт боомтоор экспортод гаргаж буй нүүрсний 80 гаруй хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс тээвэр эзэлж байна.
Хэдий нөхцөл байдал нааштай мэт байгаа боловч коксжих нүүрсний эрэлт болон үнэ өндөр байгаа энэ цаг үед дизель түлшний хомсдол экспорт дахин "хориг"-т өртөхөд нөлөөлж мэдэх нь. Сэргэж байсан нүүрсний экспорт дахин удаашрах дүр зураг бий боллоо. Ийм нөхцөлд эдийн засаг сэргэх, валютын орлого нэмэгдэх хүлээлт орвонгоороо эргэх эрсдэлтэй юм.
Эх сурвалж: Mining.mn
Быстрее достраивайте нефтеперабатывающий завод в Алтанширээ - единственный путь к топливной независимости.