“Эрэл” компанийн үйлдвэр дээр Хөгжлийн банкны захирал Н.Мандуул Зариг.мн сайтын сэтгүүлч Өнөрцэцэгийн дуудлагаар очиж, барьцаа хөрөнгийн мэдээллийг танилцуулсан тухай мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Эрэл компанитай холбоотой хэргийн шүүх хурал 17 удаа хойшилж, энэ хугацаанд асуудал шүүхийн шатанд шийдэгдэхгүй удааширч 3 жил болсон. Хөгжлийн банкнаас 3 удаагийн нийт 72.6 тэрбум төгрөгийн /тухайн үеийн ханшаар/ зээл авсан ч эргэн төлөлт огт хийгээгүй “Эрэл” гэгч компани чухам ашиг сонирхлын ямар маргаан дагуулж, асуудал үүсгээд байгааг шинжээд үзье.
МУХБ-наас Эрэл ХХК нь гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор
2013 онд 8 дугаар сарын 16-нд 14 сая ам доллар,
2014 оны 4 дүгээр сарын 28-нд 13.4 сая еврогийн зээл,
2015 оны 11 дүгээр сарын 14-нд 9 сая ам.долларын зээлийг 3 үе шаттайгаар авч, нийт 23 сая ам.доллар, 13 сая 47 мянган еврогийн зээлийг авчээ. Уг зээл одоогоор 3037 хоногийн хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний зөрчилтэй байна.
Зээл анх олгогдсоноос хойш алданги, хүү тооцогдсон эцсийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар нийт 197 тэрбум төгрөг болжээ.
МУХБ-ны зээлийн барьцаанд нийт 14 төрлийн барьцаа хөрөнгө тавьснаас барилга, дэд станц, конторын барилга, дансны орлого, ирээдүйд бий болох хөрөнгө гэх зэрэг эд хөрөнгийг нийт 83,5 тэрбумаар үнэлүүлж зээл олгосон байдаг. Үүнээс ирээдүйд бий болох хөрөнгийг 30 тэрбум төгрөг байна гэж тооцоолжээ. Уг тооцооллыг ямар зарчмаар хэрхэн үнэлсэн нь эргэлзээ төрүүлнэ.
Барьцаа хөрөнгийн нийт үнэлгээ нь тухайн үеийн ханшаар /2013 он/ 50 тэрбум төгрөг. Хөгжлийн банк тухайн хөрөнгийг зээлийн барьцаандаа авлаа гэхэд нийт зээлийнх нь 50 хувьд ч хүрэхгүй. Мөн барьцаанд тавьсан эд хөрөнгө нь ямар ч үр ашиггүй барилгууд болох нь ил болоод байна.
2021 оноос эхлэн Б.Эрдэнэбатыг "Хөгжлийн банкнаас чанаргүй зээл гаргуулж, улсыг хохироосон" хэргээр АТГ-т шалгасан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй хэвээр байна. Тухайн зээлийг 100 хувь зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь ч нотлогдсон.
Б.Эрдэнэбат нь "Эрэл” ХХК-д хувьцаа эзэмшигч байхаа больсон бөгөөд, төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан байна. Түүнийг эхнэрийн хамт эрүүл мэндийн шалтгаанаар гадаад орныг зорьсон гэсэн албан бус мэдээлэл гарсан бөгөөд саяхан эх орондоо эргэж ирсэн байх магадлалтайг эх сурвалж мэдээлж байна.

Хумуунлэгийн зуун талд олон жил аюулгуй байдлыг уусгээд байгаа хашсан газрыг нийтийн эзэмшилд авсан шийдвэр уг нь гарч байсандаа!!!