Жил бүрийн 11 дүгээр сарын 29-ний өдрийг дэлхий нийтээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “ХИЧЭЭХ ӨДӨР” болгон зарласан. 

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг дор бүрнээ замын хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцохыг уриалж "Хичээх өдөр" арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ оны эхний 10 сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 18.992 зам тээврийн ослын улмаас 477 хүний амь нас хохирч, 2.448 хүн гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн байна.

Нэг өдөр хичээснээр 2 хүний амь нас, 15-20 хүний эрүүл мэндийг, 250 орчим зам тээврийн осол гарахаас хамгаална. Мөн нэг сар, цаашлаад нэг жил хичээвэл 600 гаруй хүний амь, 2,000 гаруй хүний эрүүл мэндийг аварч чадах юм.

1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд нийт 400 орчим монгол хүн амиа алдсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Гэвч орчин цагт зам тээврийн ослын улмаас жилд 600 гаруй иргэн амиа алдаж буй нь харамсалтай

Иймд жолооч, зорчигч, явган зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг амьдралынхаа нэгэн чухал дүрэм гэдгийг цаг үргэлж санаж, алхам тутамдаа хичээж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг уриалж байна.