Судлаач Б.Дашравдангийн "СОЦИАЛИЗМААС УХАРСАН КАПИТАЛИСТ ХЯТАДЫН, КАПИТАЛИЗМААС УХАРСАН ХХ ИХ ХУРАЛ" нийтлэлийг цувралаар хүргэж байна.
Өмнөх нийтлэлүүд
- Хятад капилазм руу алхсан нь
- ХКН-ын 20-р их хурлаар экспортын баримжаатай эдийн засгийн бодлогосоо татгалзав
Хятадын нийгэмд үүссэн дөрвөн зөрүүг арилгаж хөгжингүй социализм байгуулахаа зарласан нь
Өмнөх үеийн эдийн засгийн бодлого нь Хятадын дотоодод дөрвөн зөрүүг үүсгэсэн гэж намын их хурлын төлөөлөгчид үзэв. Эдгээр нь бүс нутгийн хөгжлийн зөрүү, хот хөдөөгийн ялгаа, салбар хоорондын ашгийн зөрүү, хот хөдөөгийн халамж, орлогын зөрүү болно. Дөрвөн зөрүү үүссэнээр Хятадын нийгэмд баян ядуугийн ялгаа ихэсч Хятадын онцлогтой социализмд аюул тулгарсан гэж дүгнэв.
Далайн эргийн дагуух зүүн өмнөд 5 муж Гуаньдун, Жиансу, Шандун, Жөжян, Фүжиан мужийн ДНБ-ий нийлбэр нь 3,25 их наяд ам.доллар болж, Хятад улсын нийт орлогын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байна. Үүн дээр нэмэгдээд Шанхай, Тяньжин зэрэг томоохон хотуудыг оролцуулбал тус бүс нутагт улсын орлого, бүтээж буй баялгийн ихэнхи ноогдоно. Гэтэл Бээжин, Чунцинийг оролцуулахгүй бол зүүн хойд, төв, баруун талын үлдсэн 22 мужийн хөгжлийн түвшин харьцангуй доогуур хэвээр байгаа нь хүн амын шилжилт хөдөлгөөнд нөлөөлж, том хотуудын үл хөдлөх хөрөнгийн үнийг өсгөж хямралд хүргэв.
Хот хөдөөгийн ялгаанаас шалтгаалж 2021 оны эцсийн дүн мэдээгээр хукоу буюу хөдөөгийн цагаач ажилчдын тоо 292 сая болсон нь нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амын гуравны нэгээс илүү хувийг эзлэв. Цагаач ажилчид сүүлийн 40 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн гайхалтай өсөлтийн хөдөлгүүр болсон ч тэд гадуурхагдаж, институцийн ялгаварлан гадуурхалтад өртдөг. Тэдний хүүхдүүд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал тул эцэг эхээсээ олон жилийн турш тусдаа амьдардаг.
Салбар хоорондын зөрүү гэдэгт уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүч, технологийн салбарын компаниудын ашиг, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас хэт өндөр байж, улмаар түрүүлж хөрөнгөжсөн корпорациуд охин компаниудаараа дамжуулан бусад салбарт монополь үүсгэдэг байдлыг дурьдав. Ажилчид аль салбарт ажиллаж байгаагаас шалтгаалан ижил цаг бүтээмжээр ажилласан ч харилцан адилгүй цалин авч байгаа нь хөгжингүй социалист улсад тохирох үзэгдэл биш гэжээ.
Хятад улс 1,4 тэрбум гаруй хүн амтайгаас “2021 оны Хятадын статистикийн эмхэтгэл”-д дурдсанаар, сард 1000 хүрэхгүй орлоготой 560 сая, 1000 – 2000 юаний орлоготой 310 сая, 2000 – 5000 юаний орлоготой 380 сая хүн байгааг дурьдав. Дундаж орлоготой бүлэгт 400 сая орчим хүн байгаа ч тэдний олонх нь хүүхдээ сургуульд сургах, эрүүл мэндийн хадгаламж, орон сууц худалдан авах, өндөр настны асаргаа гэх мэт зардлуудын дарамтаас гарч чадахгүй хэвээр байна. Иймд дээр дурдсан маш бага орлоготой, бага орлоготой, дундаж давхаргын иргэдийн хэрэглээний асуудлыг шийдэж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхийн тулд бодлогын цуврал зохицуулалт хийхээр болов. Үүнд: Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, тогтвортой ажлын байраар хангахаас гадна орлогын хуваарилалтын шинэчлэлийг хурдасгах, "багыг дэмжих, дундыг тэлэх, ихийг хязгаарлах". Засгийн газраас хувийн хэвшлийн корпорациудын ажилчдад хувьцаа эзэмших, өмчлөх эрхийг хуваалцах боломжийг судалж байгаа гэнэ. Хүн амын 90%-ийг бүрдүүлэх энэ гурван бүлгийн хувьд иргэдийн амьжиргааны ялгавартай байдлыг арилгахын тулд дээр дурьдсан дөрвөн зөрүүг үгүй хийхээ амлав.
ХКН-ын 20-р их хурлын үеэр Ши Жинпин өгүүлэхдээ: Хятад улс шударга ёсыг сахин хамгаалж, бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулж, туйлшралаас эрс сэргийлнэ гэжээ.Хамтын хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх гол арга замуудын нэг бол "хуваарилалтын системийг сайжруулах" явдал болохыг сануулав. Баялгийн хуримтлалын механизмыг стандартчилах, хууль ёсны орлогыг хамгаалах, хэт их орлогыг зохицуулах, хууль бус орлогыг хориглох болно гэв. Бүс нутгийн хөгжлийн тухайд зохицуулалтай хөгжлийн бодлого баримтлахаа илэрхийлэн хөгжлөөс хоцрогдсон муж хотуудад Засгийн газраас хөрөнгө оруулахаа мэдэгдэв.
Социализмын нийгмийн олонхид таалагддаг гол үзэл санаа бол бүгд баяжиж чадахгүй бол нийтээрээ ижилхэн амьдрах тухай үзэл юм. Ямартаа ч Хятадын шинэ үеийн эдийн засгийн хөгжлийн зорилго нь бүгдээрээ тэгшхэн хөрөнгөжиж, амьдралын чанараа сайжруулах гэдгийг онцлоод нийгэм журам байгуулахын тулд тэгшитгэх бодлого баримтлахаа зарлалаа. Өгүүлвээс Ши Жинпин "Муур хар, цагаан байх нь хамаагүй. Хулгана барьж чаддаг бол тэр сайн муур. Гэхдээ зарим муур том хулгана барьсан бол бусадтайгаа хуваалцах ёстой. Ер нь муур том хулгана барих шаардлагагүй. Хар ба цагаан муурны толгой заавал улаан байх ёстой гэж хэлэв".
Товчхондоо энэ удаагийн ХКН-ын 20-р их хурал нам бүхний дээр байдгийг сануулж, намаас том корпораци, удирдагчаас илүү нэр нөлөөтэй хөрөнгөтөн байж болохгүйг албажуулав. Хятад хүн бусдаасаа илүү хөрөнгөжих нь буруу гэснээрээ Хятадууд бүтээж буй капитализмаасаа нэг алхам ухарлаа. Магадгүй социализмыг ухарч бүтээдэг байх... Манай социалистууд ч бас дандаа ухрах тухай ярьдаг.




Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!