СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су БНАСАУ цөмийн бөмбөгийн туршилт явуулахад бэлэн болсон талаар мэдэгдээд, БНСУ болон түүний холбоотнууд БНАСАУ-ын томоохон өдөөн хатгалгад үргэлж бэлтгэлтэй байсаар ирснийг тэмдэглэжээ.
“Тэднийг бэлэн болсон гэж бид үзэж байна, гэхдээ цөмийн туршилт яг хэзээ болохыг тодорхой мэдэхгүй байна” гэж Хан Док Су Их Британийн “Sky News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
Энэ он гарсаар БНАСАУ богиноос эхлээд алсын зайн тусгалтай олон пуужинг туршилтаар харваад байгаа бөгөөд улмаар цөмийн долоо дахь туршилтаа хийж болзошгүй гэх таамаглал гарах болоод байгаа юм.
Хан Док Сугийн хэлснээр, БНСУ болон түүний холбоотнууд БНАСАУ-ыг цөмийн туршилт явуулж болзошгүйг харгалзан сонор сэрэмжээ хадгалсаар байна.
“Бид туйлын таагүй ийм үйлдэлд үргэлж бэлтгэлтэй байсаар ирсэн. Ямар хариу арга хэмжээ авахыг одоогоор бид хэлж болохгүй” гэж тэрбээр ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Эх сурвалж: https://montsame.mn
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!