Угтаа энэ цаг үед Засгийн газрын гишүүн болсон хүн үнсэлцэх нь битгий хэл үүргээ ухамсарлаад ажлаа шуурхайлах нь зүйн хэрэг. Гэвч эдийн засаг нь өдөр өдрөөр хүндэрч, иргэдийн амьдрал нь тэр хэрээр уруудан доройтож буй үед иргэдээсээ сонгогдсон улстөрчид албан тушаалд очсондоо хагартлаа баярлаж, хавь ойрын хүмүүсээ тэсгэлгүй тас тэврэх нь муу ёрын цондон гэлтэй. Учир нь үнсэлцээний цаана үлэмж их хэмжээний шунал бий.
Төр өөртөө өмчтэй байхын зовлонг зөвхөн өнөөдөр гэлтгүй өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд улсаараа өдөр бүр мэдэрч сууна. Уг нь төр бол хувийн хэвшлээ зөвхөн бодлогоор дэмждэг. Ямар ч Засаг солигдсон тухайн ААН ялангуяа улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрдэг үйлдвэрүүд нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх нь зөв зарчим. Өөрөөр хэлбэл ТӨР өмчгүй байх аваас менежерийнхээ ажлыг сайн хийнэ. Төр ӨМЧГҮЙ байх аваас хэн нэг нь сонгуульд нэр дэвших гэж улайран зүтгэхгүй, Сайд боллоо гэж шүлсээ савируулан үнсэлцэхгүй билээ.
Атал манайд эсрэгээрээ. Албан тушаал авсан хүмүүс нь алгаа хорстол ташиж, мөнгийг авдар авдраар нь хурааж, гэртээ хадгалдаг байх жишээний.
Хамгийн эмгэнэлтэй нь, арын хаалгаар суусан хэдэн дарга нарын цавчааг байдаг л үзэгдэл мэтээр хүлээж авдаг болчихож. Гэвч олон жил даамжирсан энэ үзэгдэл улам лавширчээ. Төр хувийн компанийн бизнесийг булаадаг байсан бол компанийг хүртэл дээрэмддэг болсон. Тэгвэл өдгөө булааж авсан компанийнхаа өрийг чи төл гэж дарамталдаг болсон байна.
Хөрөнгө оруулагчдын монголоос зайгаа барьдаг нэг шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал. Аз эзээр сонгогдсон улстөрчид нь бизнесийн салбартаа нөлөөлдөг, ашиг орлогод нь шунадаг, өгөхгүй бол дарамталдаг тогтолцоо амь бөхтэй оршдог болохоор тэр биз. Улсын гэх тодотголтой үйлдвэрээрээ ТӨР өөрөө хэрхэн тоглож, сүйрүүлж, дампууруулж буйн тод жишээ бол ХӨТӨЛийн цемент шохойн үйлдвэр юм.
Үйлдвэр хувьд шилжихдээ нойтон аргаар цемент үйлдвэрлэдэг хоцрогдсон технологитойн дээр удирдлагууд нь авлигын сүлжээнд идэгдэж, ёстой л аврал эрж байсан гэдэг. Харин концессын гэрээгээр үүрэг хүлээгч хувийн хэвшил нь тэрхүү үеэ өнгөрөөсөн технологийг халж, цоо шинэ үйлдвэр босгохоор Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Уг санхүүжилтээр технологийн шинэчлэл хийж, хуурай аргын үйлдвэрийг байгуулжээ. Түүгээр ч барахгүй авто болоод төмөр зам, эрчим хүчний дэд станцыг зээл авч барьж байгуулсан байна.
Гэвч үйлдвэрлэл эхлэхтэй зэрэгцэн ТӨР гэрээгээ зөрчиж, амнаасаа буцжээ. Улмаар захирлаар нь Л.Наранбаатар гэх хүнийг томилж, тэр нь эрчим хүчний дэд станц, авто зам, төмөр зам, хуурай аргын үйлдвэр бүгд өмнө нь байсан мэтээр “шоудсаар” байна. Тэрбайтугай бүх бүтээн байгуулалтыг нь булааж авсан хэрнээ бүтээн босгоход авч ашигласан зээлийг нь төлөхгүй хэмээн гүрийх.
Л.Наранбаатар оны өмнө хэвлэлийн бага хурал хийж “Хөгжлийн Банк Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хариуцагчаар татаад шүүхдэлцэж байна. Манай үйлдвэрийг авах гэж байна. “Бейзмент” (Хөтөл ХХК) гэдэг нэртэй компани 2015 онд 61 сая ам.долларыг Хөтөл цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Тэр мөнгийг “Цемент Шохой” ТӨХК-аас нэхэмжлээд байгаа юм. Хөтөл ХХК болон “Цемент шохой” ТӨХК нь хоёр тусдаа компани. 61 сая ам.долларын өрийн зээлийн хүүг тооцвол өнөөдрийн ханшаар 340 орчим тэрбум төгрөг болж байна” хэмээн мэдэгдсэн. Энэ мэдэгдэл бизнесийн салбарынхныг гайхшируулаад зогсохгүй, төр яаж дээрэм хийдэг вэ гэдгийг бодитоор харуулсан явдал болсон. Үнэндээ байж боломгүй увайгүй үйлдэл гаргасан. Дампуурсан үйлдвэрийг нь хувьдаа аван зээл авч арай гэж сэргээж байхад нь буцаагаад булааж авчихаад зээлийг нь төлөхгүй хэмээн гүрийж байгааг өөрөөр юу гэж дүгнэх билээ.
Төрд хууль бус, шударга бус зүйлийн өмнө төмөр нүүр гаргах үе байдаг. Гэхдээ дотоодынхоо ААН-ийг, ажил олгогчийг, хөрөнгө оруулагчийг хууран мэхлэх замаар төмөр нүүр гаргаж байгаа энэ бол цэвэр дээрэм. Хэрэв төр компанийг нь дээрэмдэж авсан бол өртэй нь авах ёстой. Түүнээс компани нь манайх, өр нь танайх гэх үзэл суртал энэ дэлхийн хаана ч байхгүй.
Өнөөгийн Засаг хувийн хэвшилдээ хайртай байна, хөрөнгө оруулагчдаа хамгаална гэх үгийг тоть шиг давтаж буй. Гэвч үг үйлдэл нь ганц алхах төдийд л зөрж байгаа эрх баригчдын үйлдэл хүсээд байгаа хөрөнгө оруулагчдыг нь үргээнэ үү гэхээс үй олноор нь татахгүй гэдгийг ухаарах цаг хэзээ юм бол...
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!