Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал дээр дооргүй сөхөгдөж, зарим албан тушаалтнууд нь хэзээ мөдгүй “дээлээ нөмрөх” дээрээ тулаад байгаа энэ үед ар тал, авааль эзнээрээ далайлгасан зарим нэг компани шүүх хурлыг хүртэл дур зоргоороо хойшлуулах аятай. Улс төрд танилгүй компаниуд нь урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөн байж, зээлээ төлж барагдуулж байхад нөгөөх том толгойтнууд нь “төлчихнө, сүртэй шдэ” гэх хандлага гаргах нь ариун явдал уу.
“МБҮ Трейд” ХХК нь Улаанбаатар хотын баруун, зүүн бүсэд бүрэн хэмжээний цогц “Мал нядалж, Мал худалдаалах төвлөрсөн зах” төслийг хэрэгжүүлж, хүн амыг эрүүл чанартай мах махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 2016 онд байгуулагджээ. Улмаар 2017 онд Хөгжлийн банк “Мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр”, “Малын төвлөрсөн худалдааны зах” төсөлд нь зориулж 11,5 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэж, зээлийг зориулалтын дагуу хэсэгчлэн бүрэн олгосон байна.
Харамсалтай нь 2023 оны 2 сард дуусгавар болох зээлийнхээ эргэн төлөлтөд “МБҮ Трейд” ХХК гуравхан сая төгрөг тушаажээ. Таван жилийн хугацаанд дөрвөн удаагийн гүйлгээгээр 11,5 тэрбум төгрөгийн санхүүжилт авчихаад гурван сая төгрөг төлнө гэдэг хэний ч инээдийг хүргэнэ. Гэвч энэ инээд нь тун удахгүй ханиад болох бололтой. МБҮ трейд ХХК-ний зээл өнөөдрийн байдлаар 11.5 тэрбум төгрөгийн үндсэн зээл, 6.4 тэрбум төгрөгийн үндсэн хүү, 376.3 сая төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн нийт 18.3 тэрбумд хүрээд байна.
Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй МБҮ трейд ХХК-д холбогдох шүүх хурал жилийн хугацаанд 4 удаа хойшилжээ. Хойшлох шалтгаан нь шалтаг төдий явсаар энэ сарын 10-ны өдөр БГД-ийн ИХАШШ дээр шүүх хурал нь болж, шүүхээс Хөгжлийн банкны нэхэмжилсэн дүнг бууруулж, шийдвэрлэсэн байна. Яагаад ийм шийдвэр гаргасан нь ч мөн эргэлзээ төрүүлэм.
Асуудлыг эхнээс нь сөхвөл, зээл олголтын процессоос эхлээд л хуудуутай зүйл олон байсныг Хуульзүй болон Эрсдэлийн дүгнэлтээр батлагдсан байжээ. Харин тус дүгнэлтийг Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага болон ТУЗ-ийн гишүүд үл тоогоод зогсохгүй зарим хуулзүйн зохицуулалтуудыг буруу тайлбарлан зээл олгосон нь өдгөө ХБ-нд их хэмжээний хохирол үүсэхэд хүргээд байгаа аж.
Тухайлбал, МБҮ трейд ХХК-д зээл олгох Зээлийн удирдлагын хорооны хурлын дүгнэлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 5 дугаар тэмдэглэлүүдийг гарахаас 7 хоногийн өмнө хэд хэдэн ноцтой эрсдэл байгаа талаар дүгнэлт гарсан байжээ. Өөрөөр хэлбэл МБҮ трейд ХХК-д өнөөдөр үүсээд байгаа хүндрэлийг нэгд нэгэнгүй тоочсон байна.
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/17/129 тоот Эрсдэлийн дүгнэлтээр дараах асуудлуудын талаар дурдаж эрсдэлтэй гэж дүгнэжээ. Үүнд:
- Төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төсөл баталгаажаагүй,
- Мах худалдах болон экспортлох тусгай зөвшөөрөл гаргаагүй;
- Төсөл хэрэгжих баруун болон зүүн талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь “Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар”-ын нэр дээр бүртгэлтэй;
- Тус компани нь 2016 онд байгуулагдсан, 27%-ийн хувьцааг Гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн эзэмшдэг ба Барилгын инженер мэргэжилтэй, “МБҮ” ХХК барилгын компанийн захирлаар 14 жил ажилласан байна, 22%-ийг Н.Түвшинбуян, 22%-ийг Л.Одхүү, 22%-ийг Хотол түмэн ХХК, 7%-ийг Ч.Хүрэл-Олдох нар тус тус эзэмшдэг. Тус компанийн удирдлагууд нь мал, аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүний менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мал, аж ахуйн салбарт ажиллаж байсан туршлагагүй нь менежментийн хувьд эрсдэлтэй;
- Төслийн танилцуулгад дурдсанаар төслийн нийт хөрөнгө оруулалт 17.2 тэрбум төгрөг ба үүнээс 11.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны санхүүжилтээр, үлдсэн 5.7 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тусгасан байтал уг төслийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг компани өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн;
- Монгол улсад малын эрүүл мэндийн асуудал хүндрэл үүсдэг тул төслийн үйл ажиллагааны эрсдэлд өндөр;
- Үйлдвэрийн барилга барих, тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах, холбогдох зөвшөөрлүүдийг авах зэрэг ажлуудтай холбоотой борлуулалтын орлого хойшлох эрсдэлтэй;
- БНХАУ-ын компаниудтай хийсэн гэрээ албан ёсны эсэх нь эргэлзээтэй, гэрээний дугаар бичигдээгүй байна;
- Эд хөрөнгө, эрх барьцаалах хөрөнгийн журмын шалгуурын хангалт хангалтгүй, хангахгүй байна.
Дээрх эрсдэлүүд бодитой тулгарахыг сануулсаар байтал
2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн АПХУГ-ын санал, дүгнэлт,
2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ТСЗГ-ын Зээлийн шинжилгээний танилцуулга,
2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ХШТГ-ын Хууль зүйн дүгнэлт,
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЭҮУГ-ын “Барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох тухай” Эрсдэлийн дүгнэлт,
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЭҮУГ-ын Эрсдэлийн дүгнэлтийг тус тус үндэслэн ЗУХ-оос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “МБҮ Трейд” ХХК-д зээл олгохоор шийдвэрлэсэн байна.
Хөгжлийн банкны зарим удирдлагуудыг ААН-ээс хахууль авч, зээлийг нь шийдвэрлэсэн гэх мэдээлэл бий. Хууль хяналтынханд энэ талаар шалгалт явуулж, зарим албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх. Банкны салбарт эрсдэлийг үл тоовол заавал асуудал үүсдэг жамтай. Гэтэл эрсдэл байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг шийдвэр гаргасан нь ямар нэг томоохон нөлөөлөл орсон гэх хардлагыг ч төрүүлээд байна.
МБҮ трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд Хотол түмэн ХХК багтдаг. Хотол түмэн ХХК нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын 2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдсэн компани. Тэрбээр Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл гарах үеэр Хотол түмэн компанийг татан буулгасан болохоо хэвлэлд тайлбарласан байдаг. Гэвч тус компанийн Хөгжлийн банкинд бүртгүүлсэн цөөнгүй барьцаа хөрөнгө нь Я.Содбаатарын нутаг болох Өвөрхангай аймагт бүртгэлтэй байдаг нь сонирхол татна.
Нөгөөтэйгүүр МБҮ трейд ХХК-д хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг “Эн Си Эф” ХХК-аас гаргаснаар төслөө хамтарч хэрэгжүүлэхээр болсон гэдэг. Энэ компанийг УИХ-ын гишүүн Ажнайн Д.Бат-Эрдэнэтэй холбоотой гэдэг ч мөн л батлагдсан зүйл байдаггүй билээ.
Ямартай ч арилжааны банкууд хэдхэн сая төгрөгийн зээл олгохын тулд тухайн үйлчлүүлэгчээ ёстой ясыг нь цайтал шалгадаг. Харин Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд тэрбумаар олгох зээлдээ санаатайгаар уу санамсаргүйгээр үү ямартай ч илтэд хойрго хандсан нь өдгөө ийнхүү хэдэн тэрбумын алдагдалыг хүлээхэд хүргээд байна.
Өнөөдрийн байдлаар тус компанийн эхлүүлсэн төслийн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсон бөгөөд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй хэвээр байгаа юм. Банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийг хангуулахаар барьцаа хөрөнгөд үзлэг хийхэд үл хөдлөх хөрөнгө нь ашиглах боломжгүй, хуучирч муудсан, 2018 оноос хойш ямар ч өөрчлөлтгүй тул барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй гэж үзжээ.



Янгүг содбаатар дүү сод эрдэнэ холбоотой. Улаан балаар хамаатан нь тодорхой хэлсэн шт уг нь
Мэдээж Содбаатар, цаашлаад Хүрэлсүх гээд л хөврөөд байвал гараад л байна. Жирийн хүнд юу гэж ийм зээл олгохов дээ