#ШУУД: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ ЯЛГАВАРТАЙ БАЙГАА АСУУДЛААР МҮЭХ-ООС МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА…

С.ЭРДЭНЭБАТ: 

- Хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, шатахууны үнэ хоёр дахин өслөө. Зах зээлийнхээ жамаар яваг гэж тавих тусам ард түмэн халааснаасаа гаргасаар байна. Тиймээс Засгийн газар үнийн хөөрөгдөлт дээр арга хэмжээ авах шаардлагатай байна. 

- Нийгмийн даатгалын багц хууль намрын чуулганаар орно. Үр өгөөжийг нь сайжруулъя гэж байгаа бол өвлүүлэх асуудлыг нь хөндөх хэрэгтэй. Нийт эрчүүдийн 50 хувь нь 16-50 насандаа нас барж байна. Өөрөөр хэлбэл тэтгэвэрт гарч чадахгүй байгаа эрчүүдийн их байна. Гэтэл хууль дээр ар гэрт нь 20 хувийг нь олгоно л заасан байна. 

- Хөдөлмөрийн хүнд нөхцөлийг 2025 оноос байхгүй болгож байна. Цаад санаа нь эрт тэтгэвэрт гаргадаг явдлыг үгүй болгоно гэсэн үг. Хамгийн баялаг бүтээдэг, нийгмийн даатгал өндрөөр төлдөг уул уурхайчид яах вэ. ҮЭ-ийн зүгээс энэ заалтыг эсэргүүцнэ. Орон даяар тэмцлийн арга хэмжээ авна. 

- Тэтгэврийн насыг 2030 оноос 65 болгоно гэж байна. 65 наснаас тэтгэвэрт гаргадаг улсууд бий. Япон болон Европын цөөнгүй улс энэ насанд тэтгэвэрт гаргадаг. Тэдгээр улсуудын хүн амын дундаж наслалт нь 85. Гэтэл манай улсын дундаж наслалт 72. Даруй 10 гаруй насаар бага байгаа үед үүнийг заавал бодолцох хэрэгтэй.

- Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дараалсан 7 жил л тасраагүй байх ёстой гэдэг заалт бий. Үүнийг 5 жил болгох талаар ярьдаг. Жил бүр 3000 хүн сүүлийн 5 жилийн хугацаанд өндөр төлөөд өндөр тэтгэвэр  авч байна. Маш багыг төлөөд том шанагаар хутгаж авдаг энэ хуулийн цоорхойгоо нөхмөөр байна. 

- Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2012 онд баталсан. Энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд 16 мянган хүн тэтгэврээ хуурамчаар өндрөөр тогтоолгосон байдаг. Нийгмийн даатгалын сангаас 96 тэрбум төгрөг дахин алга болсон байна. Цаашдаа бие даасан хараат бус байдлыг хангахгүй бол улстөрчид энэ мэтээр эрсдэлд оруулсаар байх нь.

- Бага дунд орлоготой залуу гэр бүл орон сууц авах нь үнэхээр хүнд, бэрхшээлтэй болсон. Хотын төвийн байрууд метр квадрат нь 5-6 сая, хотоос зайдуу нь 2-3 сая төгрөг байна.

- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх цаг болсон. Цагийн хөлс 1 ам.доллар байна. Үүнийг жил бүр нэмж 1,5 ам. доллар гэх мэтээр өсгөх саналыг бид тавьж байсан. БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 7 ам.доллар байдаг. 

- Гурван ам бүлтэй айл сард 1,6 сая төгрөгтэй байснаар наад захын хүнсний хэрэгцээгээ хангана. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  550 мянган төгрөг байгаа  нь өөрөөсөө гадна үр хүүхдээ ч тэжээх боломжгүй мөнгөн дүн. Нэг хүн багадаа 620 мянган төгрөгтэй байж л өөрийн хэрэглээг арай ядан хангана.