“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2023” үндэсний чуулган өнөөдөр болно. Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол II” (ТХБ-II) төслийн хүрээнд төслийн хэрэгжүүлэгч, үндэсний түшиц байгууллага-Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, төслийн орон нутгийн хэрэгжүүлэгч Байгаль орчны мэдээлэл сургалтын төв болон бусад оролцогч талууд зохион байгуулж байна.
Чуулга уулзалт үдээс өмнө “Ирээдүйн төлөөх өнөөдрийн дуудлага: Өсвөр үеийнхэн чуулган”, үдээс хойш “ТХБ-II төслийн үр дүн, цаашдын зорилт” хаалтын үйл ажиллагаа сэдвээр болно. Өсвөр үеийнхний чуулга уулзалтад “ТХБ-II” төслийн үр шимийг хүртэгч өсвөр насныхан оролцож, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжихэд хүүхэд залуучуудын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр илтгэл мэдээлэл хүргэж, бодлого боловсруулагчдад санал хүргэнэ. Энэхүү чуулга уулзалтад өсвөр насныхан панелистаар оролцож, хуралдааныг удирдаж буйгаараа онцлогтой.
Үдээс хойш зохион байгуулах чуулга уулзалтаар ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр 30 сургуульд туршин хэрэгжүүлсэн “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ын талаар туршлага хүргэх, үр нөлөөг хэлэлцэнэ. Түүнчлэн төсөл хэрэгжсэн орон нутгийн туршлагад тулгуурлан нутаг бүр ТХБ-ын төлөө хүлээсэн хамтын үүрэг амлалтаа биелүүлэхэд чиглэсэн ахиц дэвшлийг хурдасгах хөшүүрэг, тэргүүлэх ач холбогдолтой арга хэмжээний багцыг олж тодорхойлох гээд олон асуудлыг хэлэлцэнэ.
Чуулга уулзалтад ТХБ-II төслийн загвар 30 сургуулийн удирдах ажилтан, багш, сурагчид, төслийн сонгогдсон 6 аймаг, 2 дүүргийн төлөөлөл, олон улсын донор байгууллага, хувийн сектор, салбар яам, төрийн байгууллагын төлөөлөл гээд 300-350 хүн хамрагдана.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!