Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 сарын 17-ны өдөр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийг батлах хүртэл улсын хэмжээнд хувь хүний нууц мэдээллийг захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл гэх мэт төрлөөр “ерөнхийлөн” ангилж, хувь хүнд нууцаа өөрөө хамгаалах үүргийг хүлээлгэж байсан.
Харин цахим харилцаа холбоо, мэдээллийн технологийн янз бүрийн шийдлүүд хүмүүсийн харилцаа холбоо, амьдралын өдөр тутмын хэв маягтай салшгүй холбоотой болсноор хүний хувийн мэдээллийн төрөл өргөжиж, хувь хүний нууцыг хадгалах үүргийг тухайн хувь хүнээс гадна мэдээллийг олж мэдсэн аливаа этгээдэд хүлээлгэх хэрэгцээ шаардлага үүссэн.
Манай улс дэлхийн улс орнуудын адилаар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийг баталж, 2022 оны 5 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү хуульд зааснаар төрийн байгууллага мэдээллийн эзний зөвшөөрлөөр, хуульд заасан үндэслэлээр, хөдөлмөрийн харилцааны явцад, гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно.
Мэдээлэл хариуцагч буюу хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах этгээд нь мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах дотоод журам баталж мөрдөх, мэдээллийн эзнээс бичгээр зөвшөөрөл авч байх, хүний хувийн мэдээллийг цуглуулж, ашиглаж, боловсруулж байгаа зорилго, үндэслэлээ мэдээллийн эзэнд тодорхой тайлбарлаж байх, тус үйл ажиллагааны талаар бүртгэл хөтлөх, мэдээллийн эзний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг хүлээж байна.
Хуульд зааснаар дууны, дүрсний бичлэгийн төхөөрөмж /хяналтын камер, дуу хураагуур гэх мэт/-ийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ажлын байранд хүн, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөллгөөний мэдээлэл цуглуулахтай холбогдуулан байршуулахдаа дараах хориглолтуудыг даган мөрдөж байна.
Үүнд: ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний Хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хангаж, хяналт тавих бүрэн эрхтэй.
Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яам цахим орчинд хүний мэдээллийг хамгаалахтай холбогдуулан технологийн аюулгүй байдлын шаардлага, журам батлах, системийн аюулгүй байдал алдагдаж, хүний хувийн мэдээлэл эрсдэлт орсонтой холбоотой мэдээллийг нэн даруй бүртгэн авч, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй болсон.
Хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах, боловсруулах, хамгаалах үйл ажиллагаанд бий болсон ямарваа зөрчилд мэдээллийн эзэн Хуульд заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн дагуу эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гарган, шийдвэрлүүлэх эрхтэй.
Хууль батлагдсанаар ямар төрлийн мэдээллүүд Хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэл болж байгаа нь тодорхой болсон тул мэдээллийн эзэн ТА өөрийн хувийн мэдээлэлтэй холбогдох хуулиар олгосон эрх, үүргээ мэдэж авахын зэрэгцээ хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах аливаа үйл ажиллагаанд холбогдож буй иргэн, хуулийн этгээд мэдээллийн эзний зөвшөөрлийг бичгээр авах шаардлагатайг анхаарах хэрэгжтэй.
Хэргийн жишээ:
Энэ талаар нэгэн хэргийн жишээ дурдвал: Шүүгдэгч Л нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн цахим сүлжээ болох “Увсад тавтай морил” фейсбүүк хаягт өөрийн фейсбүүк хаягаас хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц буюу Увс аймгийн .... сумын ... дугаар багийн иргэн Б-ийн аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт перитонит буюу хэвлийн хялтангийн үрэвсэл гэх оношоор хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийгдэх үед өвчтөнтэй холбоотой хөтлөгдсөн маягт болох “эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт”-ыг хохирогч Б-ийн зөвшөөрөлгүйгээр задруулсан гэх гэмт хэрэгт холбогдож байсан жишээ байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!