“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан автомашинаараа дайрч гэмтээх гэж оролдсон байж болзошгүй үйлдэл олны дургүйцлийг хүргээд буй. Цагдаагийн байгууллага уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн гурван ч зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэх.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хэсэг төлөөлөгчид “Сэлэнгэ аймагт хүн мал гишгэх газаргүй болтол хашаалж, Хөдөө аж ахуйн сангаас буцааж төлдөггүй зээлээр бизнес хийж байгаа хирнээ иргэдтэй байнга асуудал үүсгэж байдаг энэ компанитай асуудал ярих цаг нь болсон” хэмээн аймгийн ИТХ-ын дараагийн ээлжит хурлаар “Гацуурт” ХХК-ийн асуудлыг хэлэлцүүлэх, нээлттэй сонсгол явуулах талаарх албан бичгийг Сэлэнгэ аймгийн ИТХ-даа өгсөн байна.
Төлөөлөгчид албан бичигтээ “Сэлэнгэ аймагт Л.Чинбаттай хамаарал бүхий ААН хэчнээн хэмжээний газар эзэмшиж, ХАА үйл ажиллагаа явуулдаг эсэх, уг эзэмшиж буй газрынхаа татварыг төлдөг эсэх, уул уурхай чиглэлээр хэчнээн тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг эсэх, нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн хугацаанд орон нутагтай хэрхэн харилцаатай байсан, ямар хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж байсан, түүнийг нь хэрхэн шийдвэрлэж байсан талаар мэдээ мэдээлэл авч, дүгнэлт хийх цаашлаад нээлттэй сонсгол явуулах шаардлагатай байна” гэжээ.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!