Дэлхийн Эдийн Засгийн Форумын “New Champions” буюу Шинэ Аваргууд нийгэмлэгийн гишүүн байгууллагаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК уригджээ. Ингэснээр уг нийгэмлэгт элссэн анхны Монгол компани болж байна.

“New Champions” нийгэмлэг нь дээд түвшний олон талт харилцаа, хамтын ажиллагааны платформ бөгөөд нийгэмлэгийн гишүүн байгууллага болсноор Ард Санхүүгийн Нэгдлийн нийт ажиллагсад тус платформоор дамжуулан мэдлэгээ тэлэх боломж нээгдэж байгаа аж. 

Энэ талаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбоо "Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэг "Шинэ аваргууд" нийгэмлэгт  Монголоос анх удаа Ард Санхүүгийн Нэгдэл ХК гишүүнээр элссэн. "Шинэ аваргууд" нийгэмлэгийн гишүүн болсоноор манай байгууллагын бүх ажилчид Дэлхийн эдийн засгийн форумын мэдээллийн бааз руу нэвтрэх эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх топ бизнес, санаачлагуудын судалгаа шинжилгээний талаар цаг алдалгүй мэдээлэл авах эрхтэй болсон гэсэн үг. Мөн үүний зэрэгцээ энэ сарын 27-29-ны өдрүүдэд БНХАУ-д болох Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ)-ын 14 дэх удаагийн "Зуны Давос" чуулганд манай захирлууд бүгд очих боломжтой болж байна" гэлээ. 

Өндөр босго бүхий “New Champions” нийгэмлэгт элсэхэд дараах шаардлагууд тавигддаг аж. Тодруулбал нийгэмд идэвхтэй байр суурийг эзлэгч, хөгжлийг эрхэмлэгч, бүс нутагтаа тэргүүлэгч, бизнесийн үйл ажиллагагаа нийгэм, байгаль орчин, засаглалын зорилготойгоо уялдуулсан байдал, өсөлтийн хурдаараа салбартаа манлайлагч, зах зээлдээ тэргүүлэгч, өндөр ёс суртахуун бүхий удирдлагатай, Дэлхийд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шинэ технологи, бизнес загвар ашиглан шийдвэрлэхийг зорьж буйг анхааран үздэг байна.

Дэлхийн Эдийн Засгийн Форум нь нийгмийн бүхий л салбарын оролцогч талуудыг нэгтгэж, илүү сайн ирээдүйг бий болгох эрхэм зорилготой олон улсын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны платформ юм.