Монголын залуучуудын эвсэл ТББ Монголын дата клубтэй хамтран “Нийслэлийн төсвийн өгөгдлийг шинжлэх туршлагаа хуваалцах нь” сэдвийн хүрээнд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. 

МЗЭ нь өнгөрсөн 2022 оны 10 дугаар сараас эхлэн Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Төсвөө мэдье-Төсвөө мөшгөе” нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд төслийнхөө хүрээнд нийслэл, 9 дүүргийн батлагдсан төсөв болон төсвийн тодотголын талаарх дата мэдээллүүдийг хялбарчилсан байдлаар олон нийтийн сошиал сувгуудаараа хүргэхийн зэрэгцээ сар бүр төсөв сонирхон судалдаг салбар бүрийн залуусыг нэгтгэн сүлжээ үүсгэж, дататай ажиллах арга барилд чиглүүлэх сургалт, чөлөөт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг аж.

“Төсвөө мөшгөе” нөлөөллийн баг энэ удаад Монголын Дата Клубын мэргэжлийн дата аналистуудтай нийслэлийн төсвийн шинжлэх туршлагаа солилцож, хэрхэн үр дүнтэй ажиллах арга зүйгээсээ залууст хуваалцжээ.

Уулзалтын үеэр “Төрийн мэдээллийн нэгдсэн сантай байж ирээдүйд иргэд нээлттэй эх сурвалжаас авсан мэдээллээ ашиглан, төсвийн хяналтыг хийх боломж бүрдэнэ. Засгийн газрын зүгээс төрийн нээлттэй эх сурвалж болсон сайтуудыг шинэчлэх нэрийдлээр өмнөх мэдээллийн санах ойг устгасаар байна. Тухайлбал, Шилэн дансны цахим хуудас шинэчлэгдсэн ч 2022 оноос өмнөх түүхийг шүүж харах боломжгүй болсон.  Тиймээс дата сангийн мэдээллийг архив хэсэгт заавал оруулах талаар Төсвийн ил тод байдын тухай болон Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуульд тусгах шаардлагатай.


Түүнчлэн Шилэн дансны тухай хуулиар төсвийн хөрөнгөөс 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийсэн гүйлгээний мэдээллийг Shilendans.gov.mn сайтад нийтэлж, тухайн худалдан авалттай холбоотой шийдвэрийг заавал байршуулах ёстой. Гэвч төрийн байгууллагууд энэ тал дээр хойрго хандаж байна.  Одоогийн шинэчлэгдсэн шилэн дансны сайтаас зардлын төрөл ба нэрээр хайх боломжгүй байгаа тул шинэчлэлийн хүрээнд нэрээр хайх нь төсвийн хяналтыг хэн бүхэн хийж, тус сайтыг хялбараар ашиглах боломж бүрдэнэ” зэрэг олон чухал асуудлуудыг хөнджээ.  


Харин Монголын залуучуудын эвсэлээс дээрх асуудлуудад анхаарлаа хандуулж, олон нийтийн дунд нийслэлийн төсвийн талаарх ээлжит уралдаанаа өрнүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгасан байна.