Улсын арслан М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь хариугаар баталгаажсан билээ. Уг асуудлаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж, зохих ёсоор хариуцлага ногдуулах нь зөв гэж үзсэн байна. Тодруулбал Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг нь 4 жилээр хасах санал гаргажээ. Гэвч М.Бадарч шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой. Түүнийг Спортын арбитрын шүүхэд хандаж байгаа талаар  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг  мэдэгджээ. 

П.САЙНЗОРИГ: 

- Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж цаашдаа яах талаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. 

Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн. Гэхдээ баяр наадмын тухай хуульд зааснаар бид арга хэмжээгээ аваад явна. 

Допингийн шинжилгээг хяналттай өгдөг болсон. Ямар нэгэн байдлаар шээс солих асуудал байхгүй. Шинжилгээ авах процессод эргэлзэх хэрэггүй гэжээ.