#Шууд: АЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан болон бусад нэр дэвшсэн эмэгтэйчүүд мэдээлэл хийж байна
Б.ЖАРГАЛАН:
- Миний хувьд Ерөнхийлөгчийн албыг хүлээж авснаар сая сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийнхээ мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлж, нэг баг болон хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа уламжилъя. Тухайлбал бид Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасан квотыг зөвхөн босго оноо гэж харж байгаа. Тиймээс квотоос бүх шатанд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдээ бэлтгэж чадавхжуулах, таниулах ажлыг хамтдаа зохион байгуулна. Улмаар бүх шатны сонгуульд аль болох олон эмэгтэй ялалт байгуулах тал дээр дэмжин ажиллана.
- Түүнээс гадна чуулганаар улс орны нийгэм эдийн засгийн чухал асуудлууд яригдлаа. Нөхцөл байдал амаргүй байна. Ирэх 10 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд АН-ын бүлгийн санаачилгаар Ковид-19-ийн хуулийн хэрэгжилттэй холбоотой УИХ-ын нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болсон. Цар тахлын үед хамгийн их хохирол амссан, хамгийн золиос амссан хүмүүс бол эмэгтэйчүүд байсан. Тэр утгаараа Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэйчүүдтэйгээ хамтран ажиллана. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа оноог дүгнэсэн нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Тиймээс энэ сонсголд холбооны зүгээс ихээхэн ач холбогдол өгнө.
- АЭХ ирэх сонгууль хүртэл идэвхтэй ажиллана. АН-аас өрийн дарамтгүй Монгол аяныг эхлүүлсэн. Энэ аянд эмэгтэйчүүд идэвхтэй оролцоно. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд анхаарал хандуулна. Түүнчлэн АЭХ нэр дэвшигчдээ эртнээс бэлтгэж, эрт тодруулах бодлогыг баримтална.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!