#Шууд: Л.Наранбаатар: Хөтөлийн цемент шохой ТӨХК-ий цемент бусадтай өрсөлдөж дотоодын хэрэгцээгээ хангахын тулд технологийн шинэчлэл шаардлагатай байна…

Л.НАРАНБААТАР:

- Хөтөлийн цемент шохой 40 жилийн насжилттай үйлдвэр. Өөрөөр хэлбэл техник технологи нь хуучирчихсан, өртөг өндөртэй. Үүнээсээ болоод өрсөлдөх чадвар нь буурч байна. Цементийн үнээ буулгахын тулд бид технологио сайжруулах ёстой. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлаар технологио сайжруулах арга замаа хайж, тодорхой бодитой төслүүд байвал хамтарч хэрэгжүүлье гэж байгаа юм. 

- Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг анх авахдаа жилд 1 сая тонн цемент хүчин чадалтай гэж байсан үйлдвэрлэлийн хугацаанд 400 мянган тонн хүрч байгаагүй.  Харин Төрийн өмчийн компанийн хэлбэрт шилжээд 2022 онд 405 мянган тонн цемент үйлдвэрлэсэн нь түүхэн дээд амжилт байсан. 

- Манай үйлдвэр жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх зорилт тавьсан. Энэ зорилтодоо хүргэхийн тулд чулуунцарын үйлдвэрээ анхны төслөөр нь буюу дахин нэг шугам шинээр барих шаардлагатай. Үүнд дор хаяж 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ мөнгийг  Хөтөлийн цемент шохой үйлдвэр нээлттэй хувьцаат компани болж байж босгох боломжтой. 

- Цаашдаа цементийн үйлдвэр төрийн мэдэлд байвал өрсөлдөх чадваргүй юм билээ. Яагаад гэвэл гүйцэтгэх захиралд нь цементийн үнээ тогтоох эрх мэдэлгүй. Уг нь энэ төрлийн зах зээл эрэл нийлүүлэлтээ харж, зүрхний бичлэг шиг өөрчлөгдөх ёстой байдаг. Гэвч бүтэн жил барь гээд  үнээ барьчихаар заримдаа манайх хамгийн хямд, заримдаа хамгийн үнэтэй цементтэй болчихдог нь хамгийн том сул тал.

- Хөтөлийн шохойн эрэлт хэрэгцээ өндөр. Эрдэнэт, Оюутолгой компаниас эхлээд хэрэглэгчид байна. Харин цементийн хувьд зах зээлийн өрсөлдөөн өндөр. Гэхдээ манайх Дархан-Эрдэнэт-Улаанбаатар гээд зах зээлийнхаа яг голд нь байдгаараа давуу талтай. Стратегийн хувьд давуу байрлалтай буюу шохойн 2 ордтой,  автозам, төмөрзамтай, цахилгаантай, устай ажиллах хүчин нь бэлтгэгдсэн 10 мянган хүн амьдардаг хоттой.

- Манай удирдлага менежмэнтийн баг Засгийн газарт 30*30*30 гэсэн хувилбар санал болгож байгаа. Энэ нь энэ тэгш өмчлөлтэй буюу төр, хувийн хэвшил, ард иргэд гээд үлдсэн 10 хувийг ажилчдадаа өгөх 10 хувь гэх мэт.