Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж нарын хоёр хүнийг саатуулсан гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлж байв. Тэгвэл энэ хэргийг 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав нарыг баривчилж, саатуулсан гэж мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байна.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд

"Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ