Монгол Улсад архины хэрэглээгээр азид дөрөвдүгээрт бичигдэж байна. Энэ нь дэлхийд өндөр түвшинд тооцогддог. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар Монгол Улсад 15-аас дээш насны хүн амын 30 орчим хувь нь согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг .Сүүлийн жилүүдэд залуучууд болон эмэгтэйчүүдийн архины хэрэглээ өсөх хандлагатай байна.

Үүнээс үүдэн Монгол улсад жил бүр хүйтний улиралд осголт, хөлдөлтийн тохиолдол нэмэгддэг. Гэмтэл согог судлалын төвөөс гаргасан мэдээллээр, хөлийн хуруу, гар, нүүр зэрэг хэсгүүд хөлдөх тохиолдол нийтлэг байгааг тус газраас анхааруулсаар байгаа.

Тухайлбал хүний биеийн температур 36, 37 градус. Харин даарч бээрээд шулуун гэдэсний халуун 32-35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдаж, 28-32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхөрч, зүрх судасны үйл ажиллагаа алдагдан 28 хэмээс доош ороход ухаан алдаж осголт явагддаг байна.
Ер нь гэмт хэргийн дийлэнх нь архитай холбоотойгоор үйлдэгдэж, идэр сайхан залуучууд эд хийж бүтээх насан дээрээ шалтаг гарган архидах, бие биенээ шахах, идээний дээд гэж хэтрүүлэн хэрэглэснээр үүдэн гэмт хэрэгийн хохирогч, холбогдогч болж цаашлаад архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн осгож нас барах тохиолдолд харамсаад харамсаад баршгүй. Хөлдөлт бол маш хөнөөлтэй, эрсдэл ихтэй, эдгэшгүй гэмтэл. Осголт, хөлдөлтийн улмаас жилд 500 орчим хүн эмнэлэгт хандан, эмчилгээ хийлгэдэг. Эдгээр хүний дийлэнх нь гүн осголт, хөлдөлтөд орж мөчдийн аль нэг хэсгээр тайрагдан, хөдөлмөрийн чадвараа алдах өндөр эрсдэл үүсдэг.
Хэдхэн хоногийн өмнөх нэгэн жишээг дурьдахад энэ оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Булган аймагт байрлах Хүүшийн хөндий гэх газарт хүн осгож нас барсан байна гэх мэдээллийг шалгахад 48 эрэгтэй Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож тухайн газраа осгож нас барсан хэргийг Булган аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Энх цагт осголтоос болж залуучуудаа алдах явдал эмгэнэлтэй бөгөөд энэ нь нийгэмд анхаарал татахуйц тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Тухайн асуудалд иргэд дор бүрнээ анхаарч, анхаарал хандуулж архийг зохистой хэрэглэх хэрэгцээ шаардлага тулгараад байгааг дээрх судалгаа, мэдээллээс харагдаж байгаа биз ээ. Үндсэндээ нийтээрээ архийг жигшиж, бүр болохгүй юмаа гэхэд соёлтой боловсон хэрэглэж дадвал бидний хүсдэг аз жаргалтай нийгэм цогцлоход том ахиц гарахаар байна. Харин эцсийн эцэст амьдралаа бүтэн авч үлдэх ухаан хувь хүний зүрх сэтгэл, ухамсарт л бий. Өөр юунд ч найдаад нэмэргүй. Тиймээс ардын дайсан болсон архидалттай одоо л тэмцэхгүй бол хожимдох нь ээ.