Иргэдийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж нийтээрээ хэмнэлтэд шилжихгүй л бол салбар нь сэхээнд орлоо гэж сайд нь гарч ирж мэдэгдсэн. Ганц Б.Чойжилсүрэн ч юу байхав гэнэт ухаан орсон гишүүд ордонд гүйлдсээр эцэст нь үнээ нэмэхээр болоод дууссан. Өнөөдөр төлдөг тогны мөнгө нь 100-150 хувь нэмэгдчихсэн болохыг захын нэг гэртээ суугаа хөгшнөөс асуухад л хангалттай хэлээд өгнө. Манай улс чинь эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо хангаж 20 хувийг хоёр хөршөөсөө авдаг. 

Хэрэглээний эрчим хүчнийхээ ч хараат байдлаас салаагүй, гаднаас импортлогч орны ганц зовлон энэ л дээ. Гэтэл нөгөө талд дэлхийн улс орнууд дараа дараагийн эрчим хүчнийхээ шинэ эх үүсвэр, технологи, түүхий эдийн талаар хэлэлцэж эхэлсэн. Биднийг энд лаагаа барьж суух хооронд тэд тэнд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэдийнээ хөдөлгөөд явж байна. Хүн амын өсөлт, хүлэмжийн хийн ялгарал гээд ирээдүйд үүсэх эрсдэлгүй эрчим хүчний эрэлтийг хангахад уран  бол хамгийн чухал түүхий эдээр нэрлэгдсэн. Тэгэхэд бид өнөөдөр уран буюу дэлхийн хэлээр ярья гэхээр урдаас нь хоёр толгойтой хонь хурга ярьсаар өнөөдрийг хүрсэн нь нууц биш. Ер нь бол дэлхийд ураны нөөцтэй ердөө 13-хан улс бий. Үүний нэг нь Монгол улс. Мэдээж уран бол байгалийн цацраг идэвхит металь. Буруугаар ашиглах аваас хор хөнөөл ихтэй нь тодорхой. Гэхдээ Монголчуудын хувьд ураныг зөвхөн Атомын цахилгаан станцад хэрэглэгдэх түүхий эд буюу шар нунтаг хэлбэрээр олборлоно. Ураныг олборлоод шар нунтаг гаргаж авахад цацрагийн хэмжээ байгалийн түвшингээсээ тэгтлээ ихэсдэггүй. Товчхондоо хүн, малд нөлөөлөх цацрагийн түвшин маш бага гэсэн үг. 

Урагшлахад бэлэн ураны төслүүд » Mining Insight

Тэгэхээр иргэдийн хувьд байгалын уран болон баяжуулсан ураны задралаас гарч байгаа цацраг идэвхийн ялгаатай байдлыг л маш сайн ялгаж салгаж ойлгож авах, тэр чиглэлээр мэдээлэлтэй болох шаардлагатай нь харагдаж байгаа юм. Энэ ч утгаараа уран болон түүний олборлолттой холбоотой хэдэн чухал ойлголтыг энгийнээр доор тайлбарлах нь зөв байх. 

Тухайлбал, 

1. Уран бол мөнгөлөг өнгөтэй, ховор төрлийн хор хөнөөл ихтэй металь гэхээсээ илүү байгаль дээр маш өргөн тархацтай байдаг. /Алтнаас 500 дахин их/

2. Газрын гүнд 170-200 метрт элсэнд наалдсан бүтэцтэй байдаг /Говын бүсийн гүний ус 20-25 метрт байдаг буюу эдгээр цооног хоорондоо холбогдохгүй/

3. Монгол улс ураныг зөвхөн шар нунтаг болгон олборлоно. Ингэхдээ дэлхийд жишиг болон хэрэглэгддэг ГДУО технологи буюу газар доор уусган олборлох технологи ашиглана. ГДУО технологи нь уламжлалт уурхайг бодвол нүсэр том техник технологи ашиглаж, байгаль орчныг тэсэлж дэлбэлэхгүй. Цооногоор дамжуулан ус үл нэвчих шавран гадагуунууд дундаас 99 хувийн ус 1 хувийн хүхрийн хүчилтэй уусмалаар хүдрээс ураныг салган авч усаа эргэлдүүлэх зарчмаар ажилладаг

4. Шар нунтгийг цааш нь олон шат дамжлагаар боловсруулж цөмийн реакторын түлш болох ураныг гаргаж авна. /Цөмийн зэвсэг хийх хэмжээний технологитой улс одоогоор дэлхийд таван улс л бий. Мөн ихэнх улс орнууд тухайн технологийг байлгахыг ч зөвшөөрдөггүй/

5. 100 грамм байгалийн уранаас үйлдвэрлэх эрчим хүч нь нэг тонн газрын тос, 1.5 тонн нүүрсээр үйлдвэрлэх эрчим хүчтэй тэнцдэг 

6. 2024 онд дэлхийн ураны хэрэглээ 93 мянган тонн байсан бол 2050 онд 177 мянгад тоннд хүрнэ тооцоолол гарсан /Эрэлтээ дагаад үнэ нэмэгдэх төдийгүй сүүлийн 10 жил огт үнэ нь унаагүй ганц металь юм/

Ураны улс төр уран байгаасай

Тэгвэл нөгөө талд ураны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, Монголд ураны төсөл урагшлах болсоноор ямар үр ашигтай вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Монгол Улс ураныг 70 гаруй жилийн өмнөөс судалж, хайгуулын лицензийг олгож эхэлсэн байдаг. Цөмийн энергийн газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар манай ураны нөөц 192 мянган тонн. Энэ нь дэлхийн нийт ураны нөөцийн хоёроос гурван хувь гэсэн үг. Ердөө дэлхийн 13-хан улс ураны нөөцтэй төдийгүй зуухан грамм уранаас хэр хэмжээний эрчим хүчний эх үүсвэр гаргаж авах боломжтой талаар дээр дурдсан. Энэ ч утгаараа Монголчуудын хувьд дэлхийд ураны гол тоглогч орнуудын нэг болох бүрэн боломж харагдаж байна. Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” компани 20 гаруй жил Монголд судалгаа хийсэн. Улмаар энэ сарын 13-нд түүхэн шийдвэр гарч, төсөл хэрэгжиж эхлэх түгжээ тайлагдсан билээ. Францын “Орано Майнинг” компани нь дэлхийд уран олборлолтын топ гурван компаний нэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны аравдугаар сард Франц улсад төрийн айлчлал хийх үедээ энэхүү төслийг урагшлуулах санамж бичиг байгуулсан зэрэг олон удаагийн хэлэлцээр явсныг уншигчид санаж байгаа биз ээ. 

Хамгийн гол нь, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах байгалийн уран боловсруулах “Зөөвч-Овоо” төслийн нөөц 90 орчим мянган тонн, төсөл 30 жил үргэлжилнэ. Шууд болон шууд бусаар 1600 ажлын байр шинээр бий болно хэмээн тооцоолж байна. Харин олборлолтын хугацааны нийт хөрөнгө оруулалт 1.6 тэрбум ам.доллар. Гэхдээ үүнд Монгол Улс нэг ч төгрөг зарлагадахгүй гэдгийг Монгол Улсын Засгийн газраас мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Францын талаас үүнийг бүрэн хариуцаж байгаа гэсэн үг. Харин олборлолт эхлэх төдийд Монгол Улс ногдол ашгаа тооцож авна. Суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ зэргээс шалтгаалан урьдчилсан тооцооллоор гурваас дөрвөн тэрбум ам.долларын өгөөжийг хүртэх юм. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн төсөвт жилд нэг сая ам.доллар зарцуулах зэргээр Монголын талд ашигтай байх давуу тал олон бий. Гэхдээ 2028 оноос үндсэн үйлдвэрлэлийн үе шат эхлэх юм. Тэр болтол төслийн бүтээн байгуулалт үргэлжлэх ёстой. Энэ хугацаанд туршилтын олборлолтыг амжилттай сайн хийж гүйцэтгэсэн гэдгийг Монголын төр оролцож судлаачдаар баталгаажуулсаар ирсэн байдаг. Харин “Зөөвч-Овоо” төсөл 2030 он гэхэд ураны зах зээлд гарч ирснээр Монгол Улс дэлхийд уран олборлолтын хоёроос дөрвөн хувийг нийлүүлэх тогтвортой байр суурийг эзлэнэ гэсэн дүр зураг харагдаж байгаа юм. Үр өгөөжийн хувьд Монголын тал багадаа 51 хувийг тооцож авна. Хэрвээ  Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар төсөлд тусгагдсан байгаа юм. 

 

Ер нь бол Монголчууд эрчим хүчнийхээ хараат байдлаас гарна уу эсвэл лаагаа барина уу Францчуудад хамаагүй. Гэхдээ уран бол Монголд зайлшгүй урагшлах л ёстой төсөл. Бас нэг шалтгаан:

Манай улс эдийн засгийн хувьд уул уурхайгаас уяатай болоод удаж байгаа ч үүний гол бүрдүүлэлтийг нүүрс эзэлдэг. Манай нүүрсний хамгийн гол худалдан авагч мэдээж урд хөрш буюу БНХАУ. Гэтэл гол худалдан авагч болох БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулга, уулзалтад оролцохдоо “Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхгүй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бусад улс оронтой нэгдэнэ” хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Хятад улс 2060 он гэхэд түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж, ураны зах зээлийн тэргүүлэгч худалдан авагч болоход анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлэх болно гэдгээ ил, далд хэлбэрээр зарласан гэхэд болно. Тэгэхээр манайх нүүрстэй юм чинь уранаар яахав гэж том дуугараад байх нэг их шаардлагагүй болчихлоо. Ер нь бол төмөр замын холболтоо яаралтай эрчимжүүлж 30 жил нүүрсээ эрчимтэй экспортлох шаардлага үүсэж байна. Мэдээж энэ хооронд эдийн засгаа улам бэхжүүлж эрчим хүчний хараат байдлаас гарах шаардлагатай. Цөмийн реактор барьж эрчим хүчээ дотооддоо хангах цаашлаад экспортлох боломж нөөц бидэнд хангалттай бий. Эхний ээлжинд бид нөөцөө гаргаж Францаас туршлагыг нь авна. Зөөвч-Овоо төсөл дээрх туршилт судалгааны хугацаанд өнөөдрийг хүртэл чамлахааргүй туршлага хуримтлуулж байгаа бол төсөл хэрэгжиж эхэлмэгц нийт ажилчдын 90 гаруй хувь нь Монголчууд байх тухай хэлэлцээрийн төсөлд тусгагдсан. Энэ нь бид уран олборлоход шаардлагатай хүний нөөцөө бэлдээд авчихна гэж харж байна. 

За эдгээрийн дараа л Атомын цахилгаан станц барих, Ураны дараа дараагийн шатны боловсруулах үйлдвэр зэрэг зүйлсийг ярьсан дээр болов уу. Эхний ээлжинд энэ төсөл яагаад хэрэгтэй вэ гэсэн мэдлэг мэдээллээр олон нийтийг хангах ажил бас их чухал байгааг онцолж байна. Үгүй бол идэр есийн хүйтнээр одоо хүртэл ураныг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл төрийн ордны гадна үргэлжилсэн хэвээр л байна. Уг нь уранаас үүдэлтэй ундны ус бохирдох, малын гажиг төрөлд албан ёсоор бүртгэгдээгүйг мэдэгдсээр байгаа ч Монголчуудыг уранд илүү итгүүлэх өөр зүйл хэрэгтэй байгаа нь ч харагдаж байна. Мэдээж дэлхийд цөмийн эрчим хүч шинэлэг зүйл биш ч манайд бол өөр. Хийж байж л мэдэгдэнэ. Харин ингэхийн тулд эхнээс нь хариуцлага буюу стандларт хууль журмаа чанд мөрдүүлж, аюулгүй ажиллагааг нэгт тавьж, эдийн засгийн үр өгөөжөөс гадна эрсдэлгүй ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр гэх итгэл үнэмшлийг төрүүлэх нь зөв зүйтэй.

УРАН: Аманд орсон шар тос | News.MN