Ингэхэд та энэ өвөл халтирч унасан уу. Улаанбаатар хотын зам, талбайг 36 байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч, 670 гаруй машин, техникээр өдөр бүр цэвэрлэж байна. Цас цэвэрлэгээний тусгай зориулалтын 283 машин техник ажиллаж байна. Цас орсон үед урьдчилсан мэдээг өмнөх өдөр нь авч, цэвэрлэгээнд бэлтгэж, 24 цагаар жижүүрлэн ажилладаг болсон. Шүүр, хүрз зэрэг гар багаж хэрэглэхээс илүүтэй ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, ажлын бүтээмжийг өсгөх зорилгоор техникүүдийг шинэчилж байна. 2024 оны хавар 50 орчим машин техник оруулж ирсэн бол мөн намар нь 33 машин техникийг шинэчилж дүүргүүдэд тарааж өглөө. Дүүргүүд цас орсон өдөр бүр цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол сайжруулж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 2025 оны өвөлд бэлтгэн урьд өвлүүдээс илүү давс, бодисыг нөөцлөн базааж хэрэглэж байна. Ингэхдээ бэлдсэн нөөцийг зөвхөн авто зам дээр цацаад зогсохгүй халтиргаа гулгаа ихтэй байршлууд, хотоос гарах даваа, гүвээ орчимд хайрцагт хийн байршуулдаг болсон. Хувийн эзэмшлийн шугам задрах тохиолдол он дамнаж хоёр удаа гарсан ч гал алдсангүй. Тухайлбал, ХУД-ийн 8 дугаар хороо, Морин тойруулгын талбай орчимд цэвэр усны шугамд гэмтэл гарч авто зам руу ус орсон тул халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаж, гэмтэл гарсан шугамыг шуурхай засварлаж, авто зам руу орсон усыг соруулсан.
Мөн ХУД-ийн 5 дугаар хороо, “Титан” төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК болон иргэн н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150мм шугамд гэмтэл гарч, авто зам руу ус орсны улмаас зам мөстсөнд усыг соруулж, цэвэрлэн давс бодис цацсан. Улаанбаатар хотын 14 байршилд халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээг өдөр бүр тогтмол зохион байгуулж байна. Авто зам, явган хүний зам талбай халтиргаа гулгаа багатай өвөлжиж байгаа нь иргэдийг аятай зорчуулахаас гадна тээврийн хэрэгслийн осол аваар гарах эрсдэлээс сэргийлэх, иргэд гэмтэж бэртэхээс ч сэргийлж, гэмтэж бэртсэн иргэдийн тоо буурч байгаа нь сайшаалтай.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!