Ийгл телевизийн тоймч Санжаасүрэнгийн Эрдэнэбаярын "Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд ирүүлсэн нийтлэл

ШОРООТОЙ ГУРВАН БӨМБӨГӨР

Улсын минь зүрхэн цэг. Ардхан нь гурван өндөрлөг суудаг даа. Үүгээр өнгөрөхөд Монголын явдлыг морилон тунгаах их өргөөний оройд байх утаа тоосонд дарагдсан гурван шилэн бөмбөгөр үзэгдэх. Лав хагас жил шороог нь унагасангүй дээ гэх харуусалтай хамт монголчуудын амьдрал эндээс харагдах мэт. Оройд нь асах төрийн далбааг шинэчилжээ. Магадгүй саяхан болсон гашуудалтай холбоотойгоор туг бөхийлгөх болж, нэг хүн зорьж гарсныхсолио биз. Өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Чингис хааны хөшөө дүнхийдгээрээ дүнхийж, төрийн их өргөөний сүр бараа буураагүй ч түүний орой дагширсан буртагтай. Төрийн малгай болсон дээврийнхээ ч шороог унагачихгүй байгаа дотор нь ахуй дээдэс монгол хүнээ хэн болгоно доо гэсэн униарт бодолд хөтөлнө.

Монголын тархи гоожиж байна...

Яг л тэр шороотой гурван бөмбөгөр шиг алсаас гялалзах ч доторхыг харж боломгүй зурагдсан шилний цаана бид амьдардаг. Бахархам түүхтэй, өв уламжлалтай, өргөн нутагтай, ардчилал-эрх чөлөөтэй. Энэ вакум дотор тархиар чинь наадаж байхад сэрэх сэрэл ч үгүй болгосон. Сайхан бүхний түүчээнд явж, хэн нэгний ард орчихгүй юмсан гэж хичээж, биеэр биш брэндээр гоёдог үндэстэн болсон. Авагдахгүй бол зээлээд авна. Энэ зээлээ дараагийн зээлээр төлчихнө. Угаасаа зээл авдаг, зээлээ ч зээлээр хаачихдаг төрийн бодлого түмний амьдралд туссан гэлтэй. Хурааснаа харамгүй тараачихдаг, хурах орохоо хуваагаад идчихдэг, бүр ирээдүйд орж ирэхээ ч урьдчлаад тараачихдаг төртэй. Болохгүй бол татвар хураамж нэмчихдэг ганцхан аргатай. Бага сагаар цалин, тэтгэвэр нэмсэн болоод үнийн өсөлт, татвараар хэд дахин эргүүлээд авчихна. Монголын гоё сайхны тухай яриа энэ хүрээд л жинхэнэ амьдрал руу ордог.
Жинхэнэ амьдрал дээр сороотой олонх нь гадашгаа явах тухай л бодож байна. Монгол хүнээ шороотой шийдвэрээр шорвог амьдруулж байгаад гутарсан нь тэр. Амьдрал хайж зарим нь түр, зарим нь бүр зугатаж байна. Үүнийг тархи гоожих гэдэг. Монголын тархи гоожиж байна. “Оюун ухаан хүчгүйдэж, хөдөлмөр шулагдан, эрх чөлөө боймлогдсон газар ядуурал нүүрлэдэг. Тэр газраас өөрийн гэсэн оюун ухаантай, түүндээ итгэж, эрх чөлөөгөө хулгайлуулж, хөдөлмөрөө дээрэмдүүлэхгүй гэсэн хэсэг нь дүрвэн зугтдаг. Монгол үндэстний тархи өнөөдөр гоожиж байна” хэмээн хуульч Х.Тэмүүжин халаглан бичжээ. Мэргэжил мэдлэгтэй, амьдрах аргатай олон хүн өнөөдөр эх орноосоо дайжин гадагш тэмүүлж байна. Монголдоо олон зүйл шинээр хийж бүтээж чадах эрүүл бодол санаатай, хөдөлмөрч иргэд гадагш нүүн, өөр бусад орны хар бор ажлыг хийн, баялгийг нь бүтээлцэж, тэнд ажиллаж амьдарч байгаа. Харин Монголын тархийг гоожуулаад байгаа уг шалтгааныг шороотой гурван бөмбөгөрийн доор хэрхэн ярилцаж байдаг юм бол. Тэд хэдий болтол улсын хөгжлийг дипломтой хүний тоогоор хэмжсээр суух вэ.

Хожимдож буй Монгол...