2025 оны 6-р сарын 25-нд болсон Засгийн газрын хуралдаанаар “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын эдийн засгийг дэмжих гол хэрэгсэл гэж тодотгон УИХ-д тогтоолын төсөл өргөн барихаар болсон тухай албан ёсоор мэдэгдэв. Энэ бол сүүлийн жилүүдэд алтны салбар дахь хамгийн том төсөл гэгдэж байгаа бөгөөд 100 гаруй тонн батлагдсан нөөцтэй хэд хэдэн стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн нь анхаарал татав.
Гэвч хүлээлт өндөртэй зарлагдсан энэ хөтөлбөр анхнаасаа замхарч болзошгүй байдалд ороод байна. Учир нь УИХ-д өргөн баригдсан тогтоолын төсөлд хөтөлбөрийн амин сүнс болсон гол ордууд болох Гацуурт, Баавгай, Эрээн (Сэлэнгэ аймгийн Мандал сум), мөн Шурадгын гол (Хэнтий аймаг) зэрэг 100 гаруй тонн нөөцтэй стратегийн ордуудыг тусгай хамгаалалтаас гаргах тухай заалтуудыг хассан байна.
Алтгүй “Алт-3” хөтөлбөр үү?
Эдгээр ордууд нь олон жил ашиглалтад орох асуудлаар улстөр, нийгмийн маргааны гол сэдэв байсаар ирсэн. Хуулийн хязгаарлалт, байгаль орчны эсэргүүцэл зэргээс шалтгаалан тэдгээрийг олборлох боломж хаалттай байсан. Харин “Алт-3” хөтөлбөр нь энэ байдалд цэг тавьж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ алхам болно гэж үзэж байв.
Гэвч Засгийн газраас өргөн барьсан эх төсөл УИХ-д хүрэхдээ өөрчлөгдөж, дээрх ордуудыг огт дурдаагүй нь “алтгүй алтны хөтөлбөр” гэх шүүмжлэл дагуулж байна.
“Гол нөөцүүдийг ашиглахгүй бол бид алтаар мөнгө олж чадахгүй. Эдийн засгийн хямралаас ч гарч чадахгүй. Энэ бол зүгээр л гоё харагдах гэж хийсэн дүр эсгэлт”, хэмээн Уул уурхай судлаач Д.Цогтбаатар онцолжээ.
Алтны нөөц, ам.долларын ханштай шууд холбоотой
Монголбанкнаас жил бүр худалдаж авдаг дотоодын алтны хэмжээ буурч, валютын нөөцийн дарамт улам нэмэгдэж буй энэ үед “Алт-3” хөтөлбөрөөс хүлээж буй найдвар их байв. Гэвч гол ордуудаа ашиглалтад оруулж чадахгүй тохиолдолд дээрх хөтөлбөр эдийн засагт бодитой нөлөө үзүүлэх боломжгүй гэж эдийн засагчид үзэж байна.
Өнөөгийн байдлаар Монгол Улсад эдийн засгийн эрэлт даах хэмжээний алтны шинэ томоохон орд нээгдээгүй байгаа бөгөөд хуучин ашиглаж буй шороон ордуудын нөөц шавхагдаж байгаа нь салбарын ирээдүйд тодорхойгүй байдал үүсгээд байна.
УИХ-ын тогтоолын анхны төсөлд багтаж байсан заалтуудыг хассан шийдвэр хэнээс, ямар үндэслэлээр гарсан бэ? гэдэг асуулт хариултгүй хэвээр үлдэж байгаа нь ил тод байдлын асуудлыг дахин сөхөж байна.
Үнэхээр хөтөлбөр хэрэгжих үү, эсвэл…
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар, тэр дундаа алтны олборлолт дээр тулгуурлаж буй энэ үед “Алт-3” хөтөлбөр хэрэгжих эсэх нь зөвхөн нэг салбарын асуудал бус, нийт эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг тодорхойлох чухал хүчин зүйл юм. Харин энэхүү хөтөлбөр нь эхнээсээ эдийн засгийн биш, улстөрийн тохиролцооны золиос болж эхэлж байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!