Монгол Улсын Засгийн газар 2025 оны төсвийн төсөөллийг батлуулахдаа нүүрсний үнийн өндөр өсөлтөд тулгуурласан зоримог тооцоолол хийсэн. Энэ нь яг л гэрийн эзэгтэй нөхрийнхөө ирэх сарын гурван сая төгрөгийн цалин орно гэдэгт итгэж зардлаа урьдчилан төлөвлөдөгтэй адил. Гэвч дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, энэ оны дөрөвдүгээр сард тонн нь 92 ам.долларт хүрсэн нь улсын төсөв тасрахад хүргэсэн.
Үүссэн хүндрэлийг давахын тулд Засгийн газар 2025 оны 6-р сарын 25-нд “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, алтны нөөцөөс төсвийн алдагдлыг нөхөх алхам хийв. Тус аяны хүрээнд 100 тонн алтны баталгаат нөөц бүхий үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Гэхдээ хамгийн гол ордууд болох Сэлэнгийн Гацуурт, Баавгай, Эрээн, Хэнтийн Шурадгын гол зэрэг 100 тонноос дээш нөөцтэй ордуудыг УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд оруулаагүй нь асуулт дагуулж байна.
Эдгээр ордууд анх Урт нэртэй хуулийн хүрээнд ашиглалтад хязгаар тавиулж, тусгай хамгаалалтад авсан ч Засгийн газар, парламентын зүгээс тэдгээрийг хэсэгчлэн чөлөөлж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байсан нь баримтаар нотлогддог. Гэвч яг тогтоол өргөн баригдах үед уг заалтууд алга болсон нь ашиг сонирхлын сэжиг төрүүлж байна.
Монгол Улсад ийм хэмжээний алтны баталгаат нөөцтэй орд цөөн. Тэдгээрийн гол агуулга дээр дурдсан хэдхэн ордод төвлөрдөг. Хэзээ нэгэн цагт олборлохоос өөр аргагүй эдгээр ордыг өнөөдрийн хүнд нөхцөлд хөдөлгөх нь хамгийн зөв шийдэл биш гэж үү?
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан болон одоогийн сайд Г.Дамдинням нарын аль аль нь “Алтны үнэ тогтвортой өсөж байгаа энэ үед үндсэн ордуудыг эргэлтэд оруулах нь зүйтэй” гэсэн байр суурийг олонтаа илэрхийлсэн. Тэгвэл яагаад хамгийн чухал ордуудыг энэ удаа орхигдуулсан бэ?
Хэрвээ Засгийн газрын өргөн барьсан тогтоолд дээрх ордуудыг тусгахгүй хэвээр байвал "Алт-3" аян цаасан дээр үлдсэн сүр дуулиант хөтөлбөр болж, эдийн засгаа аврах боломжоо бид өөрсдөө үгүй хийх вий.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!