Газрын ховор элемент бол XXI зууны стратегийн түүхий эд. Гар утас, цахилгаан автомашин, нар, салхины эрчим хүч гээд хүн төрөлхтний ирээдүй энэ баялгаас шууд хамаарч байна. Дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийн 80 гаруй хувийг өнөөдөр Хятад улс дангаараа хангаж буй нь ямар их эрсдэл дагуулж байгааг улс орнууд ойлгож эхэлсэн.

Монгол Улс 3.1 сая тонн газрын ховор элементийн ислийн нөөцтэй, дэлхийн эхний 15 орны нэг. Энэ бол бидэнд өгөгдсөн түүхэн боломж. Гэвч харамсалтай нь бид өөрсдөө ашигладаггүй, өрөөлд ч ашиглуулдаггүй, баялгаа “унтаж буй” хэвээр хадгалж байна.

Халзан бүрэгтэйн орд бол манай улсын хэмжээнд хамгийн бодитойгоор хэрэгжиж буй төсөл. 1984 онд ЗХУ-ын эрдэмтэд анх нээж, эхний судалгааг хийснээс хойш олон үе шаттай хайгуул хийгдсэн. 2010 оноос дэлхийн зах зээл дээр эрэлт нэмэгдсэнтэй зэрэгцэн Монголын судалгааны ажил эрчимжиж, өнөөдөр олон улсын стандартын дагуу 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон байна.

Гэтэл орон нутагт төслийн талаар ташаа ойлголт, айдас түгсэн хэвээр. “Цацраг өндөр байна, уран олборлож байна” гэх мэдээлэл эргэлдэж байна. Гэтэл бодит байдал дээр олборлолт эхлээгүй, зөвхөн дээж авах өрөмдлөг хийгдэж байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Австралийн “Sustainability East Asia LLC” хийж байгаа бөгөөд 2026 онд дүн нь гарна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр байгаль орчинд үзүүлэх нөлөө баталгаажих цаг нь ирнэ.

Тиймээс өнөөдөр бидний өмнө ганцхан асуулт байна: айдсаар шийдвэр гаргах уу, шинжлэх ухаанд тулгуурлан боломжоо ашиглах уу?

Халзан бүрэгтэйг ашиглахгүйгээр бид “байгалиа аварлаа” гэж эндүүрч болох ч үнэн хэрэгтээ газрын ховор элемент хөрсөн дороосоо хур тунадасны усаар угаагдаж, Ховд гол, Хар-Ус нуур руу аль хэдийн орж байгаа. Өөрөөр хэлбэл, олборлохгүй байснаар байгаль цэвэрхэн үлдэнэ гэсэн ойлголт бол хий хоосон төөрөгдөл. Харин зөв зохистой, шинжлэх ухаанд тулгуурласан олборлолт л эрсдлийг хянаж чадна.

Монгол Улсад газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ зөвхөн эдийн засгийн боломж биш, тусгаар тогтнолын стратегийн асуудал юм. Дэлхий Хятадын нийлүүлэлтээс хараат байхад бид өөрсдийн нөөцөө ашиглалгүй орхих нь ухаалаг алхам биш.

Бидний ирээдүй айдсаар бус, боломжоо зөв ашиглаж чадсан ухаалаг шийдвэрээр тодорхойлогдоно.