Өдөр бүр бидний аюулгүй байдал, хэв журмыг сахиулахын төлөө цагдаагийн алба хаагчид эрсдэлийг үл хайхарч ажиллаж байна. Гэвч тэдний ажил үүргээ гүйцэтгэх явцад иргэдийн хариуцлагагүй, согтуурсан эсвэл танхай үйлдлээс болж өөрсдөө гэмт хэргийн золиос болж буй нь ноцтой асуудал болоод байна.

Алба хаагчдын амь нас, эрүүл мэндэд учирч буй эрсдэл

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 665 цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Үүнээс 12 нь эмэгтэй алба хаагч байв. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 11 нь хүндэвтэр, 207 нь хөнгөн гэмтэл авсан бөгөөд дийлэнхдээ нүүр, толгой, хүзүү зэрэг амин чухал хэсгээрээ гэмтсэн нь тэдний ажил эрсдэлтэй орчинд өрнөдгийг харуулж байна.

Судалгаагаар ийм төрлийн хохирол жилээс жилд 7-21 нэгжээр өсөж байгаа нь анхааруулга болохоор үзүүлэлт юм. Ихэвчлэн гудамж талбайд дуудлага мэдээлэлд очих, согтуурсан этгээдийг таслан зогсоох, замын хөдөлгөөний зохицуулалт хийх үед ийм халдлагад өртдөг байна.

Согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн зонхилол

Алба хаагчийн хууль ёсны шаардлагад үл захирагдаж, биед нь халдсан үйлдлийн ихэнх нь согтуугаар үйлдэгддэг. Сүүлийн гурван жилд бүртгэгдсэн 501 гэмт хэргийн шинжтэй халдлагыг иргэд согтуугаар үйлджээ. Мөн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн 450 тохиолдлыг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүх энгэрийн хяналтын камерын бичлэгийг нотлох баримтад тооцсон нь үр дүнтэй болж байна.

Эдгээрээс хамгийн харамсалтай нь хууль сахиулагчийг эсэргүүцэж буй иргэдийн 13.9 хувь буюу 93 нь эмэгтэйчүүд байжээ.

Хууль эрх зүйн зохицуулалт

Хэрэв иргэн төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд нь саад учруулсан тохиолдолд:

  • Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл–ийн дагуу хувь хүн 250 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээд 2500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгуулах,

  • Харин хүч хэрэглэсэн, заналхийлж эсэргүүцсэн бол Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл–ийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх зохицуулалттай.

Нийтлэг эрх ашгийн төлөө

Цагдаа нар бол бидний адил аавын хүү, ээжийн охид. Тэдэнд халдах нь ганц хүний амь нас, эрүүл мэнд төдийгүй нийгмийн нийтлэг аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг юм.

Иймд иргэн бүр хуулиа дээдэлж, хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх нь зөвхөн үүрэг төдийгүй өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалах баталгаа билээ. Цагдаагийн алба хаагчдын эрсдэлийг багасгах нь бидний нийтлэг хариуцлага юм.