ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваатай ярилцлаа.
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна. Та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тухайлан хэрэгжүүлж онцлог ямар ажил байгаа вэ?
-Энэ оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1085 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 30 нэгж буюу 3,2 хувиар буурсан байна. Энэ төрлийн гэмт хэргийн 91,2 хувийг хөнгөн, 8,8 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 42,9 хувь нь Улаанбаатар хотод, 57 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн онцлог нь юу вэ гэхээр гэр бүлийн орчинд, хаалттай хаалганы цаана, тэгээд хохирогч, холбогдогч, түүнчлэн гэрч болох хүмүүс нь өөр хоорондоо харилцан хамаарал бүхий харилцаатай хүмүүс учир далд, нуугдмал хэлбэрээр үйлдэгдэж байдаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, давтан үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоож, түүнийг арилгах арга хэмжээ авах шаардлагатай.
Цагдаагийн байгууллага нэн тэргүүнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүрийг цахим санд оруулж бүртгэлжүүлэн шалгах, шийдвэрлэх үе шатанд нь удирдлагын хяналтыг цахим системээр хэрэгжүүлжбайна.
Амьдрал дээр ер нь нэг биш нэлээн хэдэн удаа гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх тохиолдлууд сонсогдож байдаг шүү дээ. Энэ хүмүүст ямар арга хэмжээ авах ёстой байдаг юм бол?
-Гэр бүлийн хүчирхийллийн давтан үйлдлийг таслан зогсоохын тулд цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарч байгаа. Хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ирсэн тохиолдол бүрийн холбогдогч, хохирогчийн мэдээллийг регистрийн дугаараар нь, мөн гэрийн хаягийн бүртгэлийг мөн цахим санд бүртгэдэг. Ингэснээр тухайн иргэнтэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хэзээ, хаана, хэдэн удаа бүртгэгдсэн нь программаас шууд харагдах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл нэг регистрийн хүчирхийллийн давтамжийг нэг бүрчлэн тооцож байгаа гэсэн үг юмаа.
-Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцож, уг хуульд заасан ял шийтгэлийг оногдуулдаг учир бид хүчирхийллийн давтамжийг цахим мэдээллийн санд оруулан хянадаг болсон.
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл байдалд та бүхэн судалгаа дүн шинжилгээг хэрхэн хийдэг бол?
-Энэ төрлийн зөвхөн гэмт хэрэг, зөрчил, түүнчлэн дуудлага, мэдээллийн нөхцөл байдлыг өдөр тутам, цаг, минутаар хянан үзэж судалгаа, дүн шинжилгээ хийх өгөгдлийн санд суурилсан дата платформыг үүсгэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
-Энэ нь Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн байршил, давтамж зэргийг нутаг дэвсгэрийн харьяаллаар нь нарийвчлан гаргадаг учир нөхцөл байдлыг маш хурдан тодорхойлж шуурхай арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлсэн шинэлэг, чухал ач холбогдолтой ажил болсон.
Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ямар ажил байгаа бол?
-Гэмт хэрэг, зөрчлийн улмаас өртөж хохирсон болон холбогдсон хүүхэдтэй холбоотой мэдээллийг мөн цахим санд бүртгэж байгаа. Түүнчлэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт болон тусгайлан хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, мөн хүүхдийн эрх зөрчсөн субъектийг мэдээллийн тусгай санд бүртгэн хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!