Пол Коллиер нь Британийн нэр хүндтэй эдийн засагч, Оксфордын их сургуулийн Бласкавичийн Хөгжлийн судалгааны төвийн профессор юм. Тэрээр Дэлхийн банк, НҮБ, Африкийн холбоо болон Их Британийн Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд хөгжиж буй орнуудын засаглал, баялгийн бодлого, байгалийн нөөцийн удирдлагын чиглэлээр дэлхийд тэргүүлэх судлаачдын нэг хэмээн үнэлэгддэг.

Коллиерийн судалгааны гол чиглэл нь байгалийн баялагтай орнуудын хөгжлийн бодлого юм. Тэрээр “баялгийн хараал” хэмээх үзэгдэл буюу байгалийн баялаг нь эдийн засгийн хөгжилд бус харин авлига, институцийн сул дорой байдал, нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх сөрөг нөлөө үзүүлдэг үзэгдлийг олон жил судалж ирсэн. Түүний судалгаанууд эдгээр сорилтыг хэрхэн даван туулж, баялгийн орлогоо ил тод, хариуцлагатай, тогтвортой байдлаар удирдах боломжтой талаар бодлогын түвшинд тодорхой шийдлүүдийг санал болгодог.

Коллиерийн үзэл санаа нь Африк, Латин Америк, Зүүн Европ зэрэг бүс нутгийн олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд хариуцлагатай уул уурхай, гэрээний ил тод байдал, засаглалын шинэчлэлд чухал хувь нэмэр оруулсан гэж тооцогддог.

Өнөөдөр дэлхийн эдийн засгийн тэгш бус байдал, баялгийн хуваарилалт, нөөцийн удирдлагын талаархи түүний анхааруулга Монгол Улсын нөхцөл байдалд ч хамааралтай юм. Тэрбээр хөгжиж буй орнууд дэлхийн зах зээлийн дарамтад хэт хамааралтай байснаар эдийн засгийн эрх ашиг, иргэдийн амьжиргаа, төрийн чадавхи хүртэл алдагдаж байгааг онцолдог. Монгол Улсын эрх ашиг өнөөдөр дэлхийн зах зээлээс дэндүү доогуур хэтэрхий тэнцвэртэй бус байгааг олон улсын нэрт судлаач нотолж байна.