Бусдын эмзэг мэдээлэл болон хүүхдийн зургийг ашиглан олон нийтийн сүлжээнд хандив нэрийн дор иргэдийг залилсан нэгэн этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр иргэн Б нь 2025 оны наймдугаар сараас эхлэн хуурамч “Фейсбүүк” хаягууд нээж, өвчтэй хүүхдүүдийн зураг, эмнэлгийн мэдээлэл ашиглан “тусламж хүссэн” хуурамч постууд нийтэлжээ. Тэрбээр “Элэг нэгт монголчууд минь туслаач”, “Сайхан сэтгэлийн үзүүлт шар тос болно”, “Өнөөдрийн буян чинь эргэж ирнэ” гэх мэт сэтгэл хөдөлгөм, итгэл төрүүлэхүйц үг хэллэг ашиглан олон нийтийн сэтгэлийг хөдөлгөж, 400 гаруй иргэнээс хандив нэрийн дор мөнгө авсан байна.

Цагдаагийнхны урьдчилсан тооцоолсноор, тухайн этгээд өдөрт 200–300 мянган төгрөгийн хууль бус орлого олж, түүнийгээ цахим мөрийтэй тоглоомд ашиглаж байсан нь тогтоогджээ.

Хэргийг одоогоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс мөрдөн шалгаж байгаа бөгөөд бусдын хувийн мэдээлэл, зураг ашиглан хуурамч хандивын аян үүсгэх нь цахим залилангийн нэг төрөл гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Иргэдийг аливаа хандив, тусламжийн мэдээлэлд итгэхээс өмнө эх сурвалжийг шалгаж, хандив хүлээн авч буй этгээдийг баталгаажуулахыг цагдаагийн байгууллага уриалжээ.