16-32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр /2025-01-22/ болно.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Давгадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан ноцтой хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм.
Прокуророос Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн холбогдох хэд хэдэн заалтаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өмнө нь шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн прокурорт буцааж байв. Ийн хохирогчоор татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаад буй.
Ингээд мөрдөн байгууллагаас хэргийг дахин шалгаж дууссан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийсэн байдаг. Улмаар арав хоногийн дараа буюу /2025-01-22/-нд гэм буруугийн шүүх хурлыг зарласан билээ.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 12-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлэгт Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэн ээлжийн амралттай учир оролцоогүй. Шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан ч шүүх хүлээн авалгүй, гэм буруугийн шүүх хурлын товыг зарласан байдаг.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!