СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчиндүүлсэн гэх асуудлаар 34 настай Ш олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтэлж, улмаар манай редакцид ярилцлага өгсөн.

Түүний хэлснээр, уг хэрэг 15 жилийн өмнө буюу Ш ангийнхантайгаа сургуулийн шинэ жилийн баярт оролцсоны дараа болсон байна. Шинэ жилийн арга хэмжээ дууссаны дараа ангиараа нэгэн зочид буудалд үргэлжлүүлэн сууж, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд тухайн үед Ш-тэй хамт байхаар тохиролцсон найз нь орхин явснаар ангийн долоон эрэгтэй, таван эмэгтэйтэй үлджээ.

Ш “Би согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн, кола л ууж байсан. Харин манай ангийн хоёр оюутан сүүлд орж ирсний дараа би гэнэт ихээр бөөлжиж, удалгүй ухаан алдсан. Миний ууж байсан ундаанд ямар нэгэн бэлдмэл хийсэн байж болзошгүй гэж харддаг” хэмээн ярьсан.

Түүний мэдүүлснээр, Ш-ийг угаалгын өрөөнд ухаангүй, биеэ удирдах чадваргүй байхад нь ангийн нэг залуу өргөн гаргасан ч өөр өрөөнд оруулж хүчирхийлжээ. Тухайн үед ухаан орж, толгойгоо эргүүлэн харахад ангийнх нь бусад эрэгтэй оюутнууд эгнэн зогсож байсан гэх бөгөөд улмаар нэг бус хүн ээлжлэн хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж Ш ярьсан.

Хэргийг тухайн үед цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй шалтгаанаа тэрбээр “Айдас, ичгүүр, дарамтаас болж дуугараагүй. Гэхдээ сургуульдаа үргэлжлүүлэн сурч, төгссөн. Би амьд явж байгаа мэт боловч тэр шөнө л дотроо үхсэн” хэмээн тайлбарласан юм.

Ш-ийн мэдээлснээр, уг үйл явдлын дараа ангийн зарим оюутан болсон явдлыг бусдад ярьж, түүнийг үл тоомсорлож, доромжлох, дээрэлхэх хандлага сургуулиа төгстөл үргэлжилсэн гэв.

Тэрбээр 2020 оноос эхлэн буюу хэрэг гарснаас хойш хэдэн жилийн дараа цагдаагийн байгууллагад ханджээ. Улмаар гурван удаа мэдүүлэг өгч, хэрэг мөрдөн шалгагдан прокурорын байгууллагад шилжсэн боловч гурван удаа хэрэгсэхгүй болгож, буцаасан байна.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар тодруулахад “Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг шалгагдаж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, эсхүл согтуурсан, мансуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт тооцдог.

Хэрэв уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь тогтоогдвол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хууль зүйн зохицуулалттай.

Одоогоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа эсэх, мөн хөөн хэлэлцэх хугацаа, нотлох баримтын үнэлгээний асуудалд хууль хяналтын байгууллагууд дүгнэлт гаргахаар ажиллаж байна.