Идэр есийн хүйтэн үргэлжилж, зарим бүс нутагт шөнөдөө -30 хэмээс давж, зарим газарт -40 хэмд хүрч хүйтэрч байна. Үүний улмаас иргэд осгож, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарсаар байна.

Өнгөрсөн шөнө Хэнтий болон Төв аймагт хоёр иргэн осгож нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Эргэн сануулахад, 2025 онд осгож, хөлдөж амь насаа алдсан 141 тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр, эдгээр хэргүүдийн дийлэнх нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн биеэ авч явах чадваргүй болж, гудамж, хашаандаа осгож нас барсан тохиолдлууд байжээ. Осголт, хөлдөлтийн улмаас зарим иргэн амь насаа алдаж, зарим нь насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа нь харамсалтай.

Иймд хөдөө орон нутаг руу зорчих гэж буй иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар хангах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, зөвлөж байна.