Пүүс бүрийн үнэ цэн адилгүй байдаг шиг, нөхөрлөлийн хэлбэр ч бас өөр өөр. Хүн бүр бидний амьдралд ижил үүрэгтэйгээр орж ирдэггүй. Зарим нь хамтран ажиллахад хамгийн найдвартай хамтрагч болдог бол, зарим нь олон цагийн турш юу ч ярьсан уйдахгүй сонсогч байдаг.
Бид заримдаа хэн нэгнээс бүхнийг хүсдэг. Намайг ойлгоосой, үргэлж завтай байгаасай, бүх баяр гунигийг минь хамт өнгөрүүлээсэй гэж хүлээдэг. Гэвч үнэндээ нэг хүн бүх дүрийг бүтээх албагүй. Амьдрал өөрөө бидэнд өөр өөр цаг үед өөр өөр хүнийг илгээдэг. Бүхий л цаг үед биднийг ойлгож дэргэд байх чин сэтгэлийн өгөгдөлтэй хүмүүн ч бас бий.
Нэгэнтэй нь аялж, нөгөөтэй нь инээж, амьдралын хөнгөн мөчүүдийг хуваалцахад тохиромжтой. Харин нөгөө нэг нь хамгийн хүнд өдөр дуугүйхэн ирж мөрөн дээр чинь гараа тавиад чамайг өндийлгөх гэж оролдоно. Зарим нь өдөр бүр ярьдаггүй атлаа чамайг бусдаас илүү ойлгодог.
Жил, хоёр жил уулзаагүй байсан ч уулзах мөчид өчигдөрхөн салсан мэт дотно хэвээр үлдэх хүмүүс ч бий. Нөхөрлөлийг зөвхөн ойр ойрхон уулзалт, өдөр бүрийн харилцаагаар хэмжих боломжгүй.
Учир нь найз бүр өөрийн гэсэн орон зай, өөрийн гэсэн үнэ цэнийг бидний амьдралд эзэлдэг. Хэн нэгэн нь инээмсэглэл бэлэглэж, нөгөө нь зориг өгч, бас нэг нь дуугүйхэн түшиг болж үлднэ.
Амжилтын оргил дээр хажууд зогсох хүн байдаг. Алдаа гаргасан үед уцаарлаж шүүмжлэхгүйгээр үнэнийг хэлэх хүн ч байдаг.
Нөхөрлөлийн үнэ цэн хамт өнгөрүүлсэн хугацаагаар хэмжигддэггүй. Зарим хүн өдөр бүр дэргэд байдаг ч дурсамж үлдэх мөр үгүй. Харин зарим нь амьдралын ганцхан мөчид гарч ирээд насан туршийн сургамж, дулаан мэдрэмж үлдээгээд явдаг.
Тиймээс бүгдийг хооронд нь харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөрийн гэсэн өнгөтэй, өөрийн гэсэн үнэ цэнтэй.
Солонго ганц өнгөөр бүтдэггүйтэй адил хүний амьдрал ч ганцхан төрлийн нөхөрлөлөөр бүтдэггүй. Харин тэр олон өөр өнгө нийлж байж бидний амьдралыг илүү гэрэлтэй, илүү утгатай болгодог.
Амьдралд биднийг татах олон зүйл бий. Зарим нь гялалзсан өнгө төрхөөрөө, зарим нь гоё үг, сайхан дүр төрхөөрөө анхаарлыг булаадаг. Гэвч гэрэлтэж харагдсан бүхэн үнэхээр дулаан байдаггүйтэй адил, хүн бүрийн инээмсэглэл, эелдэг харьцааны цаана чин сэтгэл оршдоггүй. Гэвч хүн бүр хичээх аваас бүх зүйлд талархаж хэн хэндээ хамгийн дулаан мэдрэмжийг өгч чадна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!