НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш АНУ, Ираны хооронд дахин хурцадмал байдал үүсэж байгаад гүнээ түгшиж буйгаа илэрхийлж, талуудыг нөхцөл байдлыг намжааж, яриа хэлэлцээг сэргээхийг уриаллаа.
Түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик долоодугаар сарын 8-нд мэдээлэхдээ, хоёр улсын хоорондын дипломат ахиц саатах эрсдэл нэмэгдэж байгааг онцолсон байна. Мөн бүрэн хэмжээний цэргийн мөргөлдөөн дахин эхэлбэл бүс нутгийн иргэд, олон улсын энх тайван, аюулгүй байдал төдийгүй дэлхийн эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулжээ.
Антониу Гутерреш бүх талыг туйлын хүлээцтэй байж, хурцадмал байдлыг улам даамжруулах аливаа үйлдлээс зайлсхийхийг уриалсан байна. Тэрбээр мөн олон улсын хуулийг чанд мөрдөж, АНУ болон Ираныг яаралтай хэлэлцээгээ сэргээж, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Төв командлал долоодугаар сарын 7-нд Ираны 80 гаруй байг цохилтод өртүүлснээ мэдэгдсэн бөгөөд уг ажиллагааг Ормузын хоолойгоор зорчиж байсан худалдааны гурван хөлөг онгоц руу хийсэн Ираны халдлагын хариу арга хэмжээ хэмээн тайлбарласан байна.
Мөн АНУ Ираны газрын тосны үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтад өмнө нь олгосон 60 хоногийн зөвшөөрлийг цуцалж, газрын тосны хориг арга хэмжээг сэргээжээ. Харин Иран уг шийдвэрийг харилцан ойлголцлын санамж бичгийг зөрчсөн үйлдэл хэмээн буруутгаж, хариу арга хэмжээ авснаа мэдэгдсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!