Хууль зүй, дотоод хэргийн яамны “Явуулын оффис” өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон зорчигч тээврийн төвийн гадна талбайд ажиллаж, иргэдэд төрийн болон хууль зүйн үйлчилгээг шуурхай хүргэлээ.

Ажлын хүрээнд 35 иргэнд иргэний бүртгэлийн, 10 иргэнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгч, 17 жолооны үнэмлэхийг хэвлэн олгосон байна.

Мөн 46 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 3 иргэний цахим үнэмлэхийг дахин олгон, 15 иргэнд лавлагаа гаргажээ. Түүнчлэн нэг иргэний гадаад паспорт шинээр захиалах хүсэлтийг хүлээн авч, 10 иргэнд сэтгэлзүйн зөвлөгөө, 3 иргэнд хилийн хоригийн лавлагаа олгосон байна.

“Явуулын оффис” нь иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, үйлчилгээ авахад зарцуулах цаг хугацаа, чирэгдлийг бууруулах зорилгоор ажиллаж байна.