“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан холбогдох байгууллагууд шуурхай шалгалт хийжээ.

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчин болон Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан шуурхай штаб эмнэлгийн байр, орчинд үзлэг хийсэн байна.

Үзлэгийн үеэр эмнэлгийн бүх давхар, хонгил болон бусад хэсгийг шалгасан бөгөөд тэсэрч дэлбэрэх бодис, хэрэгсэл, сэжигтэй болон аюултай зүйл илрээгүй талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Харин уг мэдээлэлд дурдагдсан “гадаадын иргэнтэй холбоотой байж болзошгүй” гэх хэсгийг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Энэ үеэр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Улаанбаатар хотод үргэлжилж байгаа бөгөөд нийслэлийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Иймд иргэдийг баталгаагүй мэдээлэлд авталгүй, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг холбогдох байгууллагуудаас зөвлөжээ. Мөн олон нийтийн дунд айдас, түгшүүр төрүүлэхүйц худал мэдээллийг цахим орчинд тараахгүй байхыг анхааруулсан байна.

Террорист үйлдэлтэй холбоотой мэдээллийг санаатайгаар худал мэдээлэх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болохыг мөн санууллаа.