Өнөөдөр магадгүй таны ойр тойронд, эсвэл хажуугаар тань зөрөн өнгөрөх хэн нэгний дотор чимээгүйхэн шуурга шуурч, сэтгэл зүрх нь хэлтэрч явж байж болох юм. Бид бүгд л амьдралын өөр өөр ачааг үүрч, өөр өөр тулаанд тэмцэж яваа. 

Гуниг бол бидний ирэхийг нь зогсоож, явахыг нь тушааж чаддаггүй дотоод ертөнцөд босох салхи шуурга шиг зүйл. Хүчтэй салхинд модод бөхийж, навчис бүхэн хийсэн оддог шиг, сэтгэлийн шуурга дэгдэхэд  дотроо хэлтэрч, хүчгүйгээ мэдэрч шанална. Бид тэр салхийг ганцхан амьсгаагаар үлээгээд хийсгэчихэж чадахгүй, зүрхэн доторх шуургыг зангаад л намжаачих шидтэн биш билээ.

Гэвч бидэнд салхийг зогсоох хүч байхгүй ч, шуурганд сийлэгдэж буй нэгнийхээ хажууд бат зогсох сэтгэл оршин бий. 

Тиймээс өнөөдөр яг одоо нэгнийгээ чин сэтгэлээсээ тэврээрэй. Ямар ч үггүйгээр, зүгээр л "Би чамтай хамт байна", "Чамайг ойлгож байна" гэдгийг мэдрүүлэх тэр дулаан тэврэлт заримдаа ямар ч уран үгнээс илүү сэтгэлийн шархыг анагааж чаддаг.

Заримдаа бидэнд асуудлыг шийдэх бэлэн хариулт, сэтгэлийг нь шууд сэргээчих уран үгс хэрэггүй. Угаас тийм үгс ч гунигийг шууд орчлонгоос арчиж чадахгүй. 

"Чамайг тэвэрье"

Дэлхий ертөнц заримдаа дэндүү хүйтэн, хэтэрхий амгалан бус санагдах үед зүгээр л бууж өгөх, чимээгүйхэн нуугдах орон зай хэрэг болох мэт. Хэрэв яг одоо тийм зүйлийг туулж байгаа бол, сэтгэл тань ямар нэг зүйлд сийлэгдэн өвдөж байгаа бол… чамайг тэвэрье.

Амьдрал үргэлж бүтэн байдаггүй, бид ч үргэлж хүчтэй байх албагүй. Зүрх тань хэчнээн эмтэрч байсан ч энэ бүхнийг ганцаараа үүрэх шаардлагагүй.

Энэ тэврэлт таны асуудлыг нэг агшинд шийдэж чадахгүй ч:

  • Сэтгэлийн тань шуургыг түр ч атугаа намжааг.

  • Бусдад харуулж чаддаггүй гуниг, ядарч буйгаа илчлэх аюулгүй орон зай болог.

  • Энэ хорвоод хэзээ ч ганцаараа биш гэдгийг сануулаг.

Өнөөдөр та өөртөө болон өөр нэгэнд халуун дулаан тэврэлт бэлэглээрэй. Бидний бэлэглэж чадах хамгийн энгийн бөгөөд хамгийн хүчтэй тусламж бол бие биедээ хүн байх, хамтдаа байх тэр л агшин юм.

“Чамайг тэвэрье” даван туулагчийн тухай бодит түүхийг өгүүлсэн ном өнөөдөр албан ёсоор нээлтээ хийн, худалдаанд гарч байна.