Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Архангай аймгийн Шүүхийн байрны нээлтэд оролцох үеэрээ “Одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 онд тухайн үеийн удирдлагууд болох УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, ШЕЗ-ийн Зүмбэрэллхам, Онончимэг, Энхбилэг нарын санаачилгаар, миний бие Төсвийн байнгын хорооны даргын хувиар нийслэл, дүүрэг, аймгийн шүүхийн нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр таван аймгийн шүүхийн барилга, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн тойргийн шүүхийн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн 2024 оны төсөвт суулган шийдвэрлүүлж байлаа. Ийнхүү цагаан дээр хараар бичигдэн эхэлж байсан бидний бодлого эхнээсээ биелэлээ олж сүндэрлэж байгааг харахад таатай байна. Шүүхийн барилга нь зөвхөн төрийн захиргааны албан тасалгаа биш, харин иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх, айж эмээх зүйлгүйгээр шударга ёсыг нэхэмжлэх үндсэн эрхийг баталгаажуулах орон зай байх ёстой”хэмээв. 

Шүүхийн шинэ байр ашиглалтад орсноор шүүгч, шүүхийн ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэд тав тухтай орчинд шүүхийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм.

Тодруулбал, тус барилга нь дөрвөн давхар, нийт 3175 м.кв талбайтай,  таван шүүх хурлын танхим, 14 шүүгчийн өрөө, 14 шүүгчийн туслахын өрөө, шүүхийн Тамгын газрын ажилчдын есөн өрөө, хоёр сургалтын танхим, эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, хүүхдийн өрөө, гэрч тусгаарлах, түр саатуулах, хэргийн материалтай танилцах өрөө зэрэг бүхий л зүйлийг олон улсын стандартын дагуу шийдсэнээрээ онцлогтой. 

Мөн шүүхийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах буюу гэрч, хохирогчдыг шүүгдэгч болон бусад оролцогчдоос тусдаа хаалгаар оруулах байдлаар барилгыг төлөвлөсөн.  Гэрч тусгаарлах болон түр саатуулах тусгай өрөөтэй болсноор хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг сэтгэл зүйн дарамтаас хамгаалах нөхцөл бүрдэж байна.

Хүүхэд оролцсон маргаан, хэргийг шийдвэрлэх явцад ашиглах зориулалттай хүүхдийн өрөөг мөн олон улсын стандартад нийцүүлэн тохижуулжээ. Ингэснээр хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, тав тухтай орчинд мэдүүлэг авах, уулзах боломж бүрдэж байна. Иргэдийн маргааныг эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлэхэд зориулсан тусгай хурлын өрөөтэй болсон нь цогцолборын бас нэг онцлог юм. Мөн сургалтын хоёр танхимтай болсноор сургалт зохион байгуулах зориулалтын орчин бүрдсэн юм.

Шүүхийн цогцолбор барилгын нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, П.Мөнхтулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр болон тус аймгийн шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, хуулийн салбарын төлөөллүүд оролцлоо.

2026 онд Архангай, Багануур дүүрэг, Өмнөговь, Дархан-Уул аймгийн шүүхийн барилгууд ашиглалтад орно. 2027 онд Дорнод аймгийн шүүх болон Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн хоёр барилгыг, 2028 онд Хан-Уул дүүргийн “Дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байр” цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.