Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар "Рио тино"-гоос авах ногдол ашиг дээрээ толгой нь гашилж тархи нь эргэчихсэн явж байгаа. 3 их наяд төгрөг ороод ирвэл Н.Учралын гавьяа. Харин энэ мөнгийг одоо сайхан хувааж авья. Гэхдээ бүтээн байгуулалт гэх халхавчаар 2 их наядыг нь ирэх сонгуулийн мөнгөнд ашиглая гэх тэдний цаад агуулга нь уншигдсаар байгаа юм.
Харин иргэдэд 1 их наядыг шилний цаанаас чихэр долоолгох байдлаар баялгийн сангийн дансанд байршуулна гэж байгаа. Тэр данснаас нь иргэд хэзээ мөнгөө өсгөж авах нь бас л тодорхойгүй. Нэг үгээр иргэдийн тархиар наадах энэ үйлдлийн хойно зүгээр л эрх баригч намын ирэх сонгуулийн буухиаг авах гэсэн том санхүүжилт явж байна. Үүн дээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарч ирээд ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараа гэсэн хүсэлт гаргачихлаа. Нөгөө талдаа алаагүй баавгайн арьсыг 10 хувааж байгаа энэ үзэгдэл өөрөө төр самуурсны хар гай.
Тэртээ тэргүй ард иргэд нь улны болчихсон, бензин шатахуундаа очерлосон, махны үнээ дийлэхээ байсан ард түмэнд 857 мянган төгрөг тараагаад тэдний амьдрал сайжрахгүй. Харин ч инфляци өснө. Ахмадууд тэтгэврийн зээлээ ч төлж чадахгүй, иргэд нь 857 гаруй мянган төгрөгөөр нэг удаадаа хөргөгчөө дүүргэчихэж болох л байх. Энэ мэт олон эргэлзээ, тээнэгэлзээ дундуур АН-ыг засагт урих асуудал яригдаж байна. Учир нь ах нам АН-ыг амандаа оруулж ирэхгүй бол “Рио тинто”-гийн ногдол ашгийг ард түмэнд нь тараа гэх тэдний эсэргүүцэл Н.Учралын засгийн газрын амин сүнсийг барьчихаад байгаа хэрэг. Анхнаасаа 2026 оны 4-дүгээр сард байгуулагдсан Н.Учралын Засгийн газар нь МАН, ХҮН, Үндэсний эвслийн хамтарсан хэлбэрээр ажиллаж эхэлсэн. Харин АН-ыг анх уг засгийн газарт шууд урихгүйгээр орхисон байдаг. Өнөөдөр Н.Учралын засгийн газарт АН-ынхныг оруулж ирэхгүй бол олон жилийн засаглалын үеийн шүүмжлэл, авлига хулгайн асуудал нь савнаасаа халтирч өнөөгийн үзэгдлээр 30:38-ын бүлэглэлийн зодооноо дийлэхээ байчихсан. Тиймээс ах нам өөрөө хариуцлагаа дангаараа үүрэхгүйн тулд АН-ыг татан оруулах, хариуцлагыг хуваалцах сонирхол МАН-д байгаа. Тэгэж байж Н.Учралын засгийн газар замаа засаж хэсэг хугацааг авч ерөнхийлөгчийн сонгуультай золгоно. Бас Н.Учралын засгийн газрын нэр бүхий 4 сайд чих халууцуулж иргэдийн зэвүү дургуй хоёрыг зэрэг хүргэж байгаа.
Л.Энх-Амгалан. Төсвийн тодотголоор 3.5 тэрбумын дуулиан дэгдэхэд Н.Учралын эсрэг жинхэнэ "түгжил" нь
Г.Дамдинням. Улс даяар нь шатахууны хомсдол үүсгэж хэдэн шатахуун импортлогч компаниудын учрыг олж чадаагүй
Д.Батлут.Бүрэн эрхийн хугацаанд нь Зэвсэгт хүчний анги салбарт цэргийн алба хаагчид амь насаа алдсан ноцтой хэргүүд гарсаар
Д.Доржханд Б.Найдалаа . Өвөл айсуй. -40 хэм хүрч хүйтрэхэд нийслэлчүүд эрчим хүчний хомсдолд орж, 1.5 цагийн цахилгаан, дулааны хязгаарлалтад орж, дөрвөн есөд дөрөвдүгээр цахилгаан станц нь гал алдсан зэрэг асуудал дагуулсан сайд нарыг солихоор бэлтгэж буй. Үүн дээр ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр сольж, харин Ж.Энхбаярыг Батлутын оронд БХ-ын сайдад тавьж, сэлгэлт хийх бор шувуу яваад хэд хоночихлоо. АН-ын байр суурь бол Н.Учралын засгийн газрыг болон Батлут сайд дээр гарын үсэг цуглуулаад , цуглуулсан бичгээ хав дарчихсан.
Эгзэгтэй үед тэд ашиглана гэж бодож байгаа байх. Тиймээс АН -ын бүлэг болон тус намаас Засгийн газарт өөрчлөлт оруулах, сайд нарыг сэлгэх шаардлагуудыг тавьж ирсэн ба нөгөө талаас Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах цаг хугацааг андаж байгаа байх. Цаанадаж, АН-ыг богино хугацаанд ч гэсэн засагт оруулчихвал, ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуулиар “МАН, АН ижилхэн, МАНАН үүссэн шүү” гэдэг хэлэх үгтэй, хийх “Пиар”-тай болох гээд байгаа юм. Ардын нам 30 жил засаглалаа, авлига хулгай нүүрлэлээ” гэдэг ард түмний хатуу шүүмжлэлд АН-ыг татан оруулах сонирхол МАН-д байна.МАН угшилтай улстөрчдийн нэг жилийн турш хоорондоо зодолдсоны үр дүнд ард түмэн туйлдаж байгааг эдгээр намын бүлэглэлүүд яс махандаа тултлаа хараахан мэдэрч амжаагүй байгаа.Өнгөрсөн жилийн 5 дугаар сараас эхэлсэн энэ улс төрийн тогтворгүй байдал нь дарга намаа авах гэснээс үүдсэн гэдгийг экс хотын дарга Х.Нямбаатар сануулж эхэлсэн. Одоо МАН энэ бүх зодооноо цэвэрлэхийн тулд АН-ыг наашаа харж инээж байгаад урьж оруулах цаашаа хараад хөмхийгөө зууж байгаад хэдэн сайдын суудал өгөх нь л хамгийн амархан гарц гаргалгаа боллоо.
Хаана байна, тэр Монголын заяа…
Сэтгүүлч Д.Майцэцэг








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!