АТГ-аас оффшор бүсэд мөнгө угааж байж болзошгүй томоохон хэрэг илрүүлэн шалгаж байна.  Тус хэрэгт нэлээд өндөр албан тушаалтан холбогдоод байгаа бөгөөд Монгол Улсаа олон улсад төлөөлөн суугаа дипломатч гэдгийг эх сурвалжууд мэдээлсээр байгаа юм. Тодруулбал энэхүү мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон дипломатч бол Франц улсад суугаа элчин сайд А.Баттөр гэх.

 

Тэрбээр визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.  Түүнийг Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байхад нь хилийн хориг тавьжээ.

 

А.Баттөр нь дипломат албанд 16 жил ажилласан туршлагатай, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн гэх мэдээлэл байна. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимыг огцорсны дараа А.Баттөр нь Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр хэсэг хугацаанд ажиллаж байжээ. Улмаар 2017 оноос эхлэн БНФУ-д суух Элчин сайдаар томилогдсон байна.

 

Түүний талаар бас нэгэн таагүй мэдээлэл байгаа нь түүний эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан нар Польш улсад эрэн сурвалжлагдаж буй 69 иргэний нэг гэх. Тэднийг Польш улсын хууль тогтоомжийг зөрчсөн, тамхины хууль бус наймаанд оролцсон, онцгой албан татвартай бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг үндэслэлээр эрэн сурвалжилдаг тухай мэдээлэл байна.