Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдэгдлийг товчлон хүргэж байна. 

- Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэж 2006 оны долоодугаар сард УИХ-аас Авлигын эсрэг хуулийг баталж, 2007 оны нэгдүгээр сард  АТГ-ыг байгуулсан. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан долоон хүн өнөөдөр мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг эдэлж байна. 

- АТГ-ын даргыг УИХ-аас томилсноор, ялсан намын хараат болох тул бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч санал болгодог байх саналыг дэмжиж баталжээ. Гэвч Авлигын эсрэг хуульд оруулсан өөрчлөлт уг үзэл баримтлалаас ухарсан. 

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд, АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга томилдог байхаар оруулж ирсэн ч хэлэлцүүлгийн явцад хоёуланг нь Ерөнхий сайд томилдог байх УИХ-ын гишүүний саналыг дэмжсэн. 

-АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг 41 686 төрийн албан хаагчийн 33 428 нь Засгийн газар, түүний агентлаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга зэрэг албан тушаалтан байдаг. 

 - АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг алба хаагчдын 99.98 хувь нь ялсан намын бүтэц байна. 

- Эрх баригчид хэт олонхоороо түрэмгийлэн шүүгчийг өөрийн нөлөөндөө автуулах гэсэн зорилгоо баталгаажуулсан 

-ХЭҮК-ын гишүүдийг УИХ-аар нээлттэй сонсгол хийж сонгосон, сайн жишиг боллоо гэж  УИХ-ын гишүүд ярьж байсан. Гэтэл ХЭҮК эх, үрийн эмзэглэм асуудалд хаана байсан бэ. Тэр орой УИХ-д шаардлагаа яагаад хүргүүлээгүй вэ. Энэ бол УИХ-аас томилсон бүтцийн байгууллага УИХ, Засгийн газрын үйл хэргийг хүчтэй тэмцэж чадахгүй гэдгийн нотолгоо юм. 

- УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ өөрчлөхөөр заасан. ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо нь УИХ-д шууд ажлаа тайлагнадаг байгууллага биш.

- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар төрийн босоо тогтолцоог Засгийн газарт бий болгосон.

-  Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг дарга нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Засаг даргыг огцруулахаар тусгасан. Энэ нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн аймаг, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд огцруулах үндэслэл болж байна.  Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн сонгох эрхэд ноцтой халдаж байна. 

- Орон нутгийн сонгуулиар  харилцан адилгүй  үр дүн гарсан бол Ерөнхий сайд тухайн орон нутгийн сонгуулийн үр дүнг өөрийн хүссэнээр өөрчлөх, Засаг дагыг огцруулах, сахилгын шийтгэл оноох хүртэл эрх мэдэлтэй болж байна.