Эдийн засаг, хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвтэй хамтран зохион байгуулж буй “Төр, хувийн хэвшлийн түншлэл – Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2026.04.23/ “Аймаг, нийслэлд түншлэлийн төсөл хэрэгжүүлэх нь” сэдэвт мэдээлэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр нийслэл болон орон нутагт хэрэгжүүлэх боломжтой түншлэлийн бодит төслүүдийг танилцуулж, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах шийдлүүдийг хэлэлцэв. Энэ үеэр Улаанбаатар хот, Өмнөговь аймагт хэрэгжүүлэх боломжтой төслүүд, мөн боловсролын салбар дахь түншлэлийн боломжуудыг онцлон танилцууллаа.

Мөн Азийн хөгжлийн банк болон Япон Улсын туршлагаас хуваалцаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр ашигтай хэрэгжүүлэх олон улсын сайн туршлага, жишээг танилцуулсан юм.

Арга хэмжээний үеэр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ болон Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд талууд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, олон нийт болон бизнесийн байгууллагуудад мэдээлэл түгээх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг бодит хэрэгжилтэд шилжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: https://pppc.gov.mn/