Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт100 жилийн ойд зориулсан баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Улсынхаа их бүтээн байгуулалтын түүхийг бичилцсэн үе үеийн барилгачид,  инженер, архитектор, эрдэмтэн судлаач, үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч нарт Ерөнхийлөгч төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Барилгын салбар улс орны эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, үндэсний үйлдвэрлэл, хот, суурины хөгжил, нийгмийн дэвшил, үйлдвэрлэл, үйлчилгээ, ханган нийлүүлэлт, тээвэр логистик, худалдааг өргөжүүлэх бодит суурь болж ирснийг тэмдэглэлээ.

Цаашид иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин, байгаль орчны тэнцвэр, эдийн засгийн өсөлт, ирээдүй хойч үеийн хэрэгцээг цогцоор нь харсан урт хугацааны бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үздэгээ хэллээ.

Дэлхий нийт ногоон, ухаалаг, гамшгийн эрсдэлд тэсвэртэй, хүртээмжтэй, хүн төвтэй байх бодлого барьж байгаа энэ үед хотын төвлөрлийг сааруулж, орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх, үр хүүхдээ сургах таатай боломжтой хот, суурин газрыг хөгжүүлэх нь манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг байх ёстойг тодотголоо.

Архитектор нь шийдэлдээ, инженер нь тооцоо, судалгаандаа, барилгачин нь ажилдаа, үйлдвэрлэгч нь  чанартаа, төр, засаг нь бодлого, төлөвлөлт, стандарт, хяналтдаа эзний ёсоор хариуцлагатай хандах учиртайг санууллаа.

Үндэсний инженер, архитектор, мэргэжилтнүүдийг олон улсын шаардлагад нийцүүлэн бэлтгэж, мэдлэг, ур чадвар, бүтээлч санаачилгыг дэмжин хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстойг хэллээ.

Зөвхөн гадаадын технологи, бүтээгдэхүүн хэрэглэдэг бус, өөрсдийн мэдлэг, инновацыг нэвтрүүлэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний мэргэжилтнүүдийнхээ ур чадварт тулгуурласан бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлэх шаардлагатайг онцоллоо.

Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, инженер, архитектор, үйлдвэрлэгчид, барилгачид нэгэн зорилгын дор хамтран зүтгэхийг уриаллаа.

Өдгөө барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 5-6 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын нийт хэмжээ сүүлийн 10 жилд 3.6 дахин нэмэгдэж, 11.7 их наяд төгрөгт хүрчээ.