Испанийн Хойд Африк дахь Сеута хотод наймдугаар сарын 27-нд нутгийн иргэдийн эсэргүүцлийн жагсаал хүчирхийллийн шинжтэй болж, далайн эрэгт байрлаж байсан цагаачдын түр хуаранг нураан, галдан шатаажээ.

DW телевизийн мэдээлснээр, жагсагчид хуарангийн эд зүйлсийг галд шидэж, улмаар цагдаа нар олон нийтийг тухайн газраас ухраасан байна. Үүний дараа хуаранд байсан цагаачид ойролцоох гүүрний зүг шилжин байрлажээ.

Мөн энэ өдөр хэсэг бүлэг иргэн Улаан загалмайн ажилтнуудыг цагаачдад хоол хүнс тараахыг зогсоохыг шаардсан суулт зохион байгуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, жагсаалын үеэр 70 орчим хүн цэргийн машин руу чулуу шидэж одоогоор мөргөлдөөний улмаас хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна. Галд цагаачдын майхан болон хувийн эд зүйлс өртжээ.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Мароккогоос 70 мянга гаруй хүн Сеута руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон бөгөөд тэдний дийлэнхийг буцаасан байна. Харин хэдэн мянган цагаач хотын гудамж, далайн эрэг орчимд үлдсэн нь нутгийн иргэдийн дунд бухимдал, хурцадмал байдлыг нэмэгдүүлжээ.

Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нөхцөл байдлыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авагдаагүй нь эсэргүүцэл хурцдах шалтгаан болсон гэв.

Эх сурвалж: DW, AFP, El Faro de Ceuta