Ардчилсан намын удирдлагууд болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр шуурхай хуралдаж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар дээрх төсвийн төслүүд нь Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэн, уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар шийдвэрлэв.

Ардчилсан намын зүгээс төсвийн тодотголыг дагалдуулан төсвийн харилцааг зохицуулдаг хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгасан, мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим шаардлагыг өөрчлөхөөр төлөвлөсөн нь хууль зүйн болон эдийн засгийн хувьд анхаарал татаж буй асуудал гэж үзэж байна.

Түүнчлэн 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөл нь улсын өр, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, цаашид эдийн засагт дарамт үүсгэх эрсдэлтэй гэж  үзжээ.

Иймд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй гэж үзсэн төсвийн төслүүдийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх үйл явцтай холбоотойгоор УИХ-ын дарга С.Бямбацогтын үйлдэл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандахаар шийдвэрлэсэн байна.